5 их наяд төгрөгийн төсвөөр 50 мянган айлын орон сууц барих боломжтой
Засгийн газраас уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах тухай нэг удаагийн хуулийн төслийг танилцуулсан. Тус хуулийн зорилтод малчид хоршоо, бүлгийн гишүүн болж хамтын хариуцлагын урт хугацааны 50 хүртэлх сая төгрөгийн  хөнгөлөлттэй зээл авах боломжийг бүрдүүлэхээр тусгагдсан байна. Ингэхдээ нийт 5 их наяд төгрөгийн төсөв зарцуулах урьдчилсан тооцоолол гаргажээ. Харин нийт малын хэмжээг мөнгөн дүнгээр тооцоолбол 6 орчим их наяд төгрөгөөр үнэлэгдэж байна. Тэгвэл энэ хэмжээний зах зээлтэй салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах нь эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлэх, улмаар инфляцын төвшнийг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Сүүлийн 40 орчим жил тохиогоогүй зудын гамшиг улсын хэмжээнд нүүрлээд байна. Одоогоор нийт 6 сая орчим мал зүй бусаар хорогдсон байна. Тэгвэл Засгийн газраас малчдын амьжиргааг дээшлүүлэх, амьжиргааны эх үүсвэрийн  сайжруулах нэг удаагийн хуулийн төслийг боловсруулсан. Тус хуулийн төсөлд  малгүй болсон өрхийг малжуулахын тулд хоршоо, бүлэг байгуулан 50 хүртэлх сая  төгрөгийн урт хугацааны хөнгөлөлттэй зээл өгөхөөр төлөвлөсөн байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд нийт 5 их наядын төгрөгийн төсвийг зарцуулах урьдчилсан тооцоолол гаргажээ. Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ санхүүгийн эх үүсвэрийг Монголбанкны Гадаад валютын нөөцийн сангаас гаргахаар төлөвлөсөн гэдгээ мэдэгдэж байсан юм. Мөн энэхүү төсөл амжилттай хэрэгжвэл Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн дэх хөдөө аж ахуйн үзүүлэлт 30 хувьд хүрэх боломжтой юм байна.

Тэгвэл энэхүү асуудалд сөрөг хүчний гишүүдийн зүгээс байр сууриа илэрхийлсэн юм. Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байгаа энэ цаг үед энэ их хэмжээний төсвийг малчдад зарцуулах шийдвэр гаргасан нь цаг үе олоогүй, оновчгүй шийдвэр  гэж үзэж байгаа юм.

Өмнө нь улсын төсвөөс зудын гамшгаас шалтгаалан малчдын зээлийн төлөлтийг хойшлуулах, зээлийн хуримтлагдсан нийт хүүгийн 15 хувь болох  220 тэрбум төгрөгийг төлөх шийдвэрийг гаргаад байгаа юм. Харин энэ удаагийн шийдвэрээр малчдыг хоршоо болгон зээл олгоход 5 их наяд төгрөгийн төсөв зарцуулахаар төлөвлөсөн. Энэ мэт шийдвэрүүд нь  эргээд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байгааг эдийн засагч хэлж байсан юм. Харин энэ их хэмжээний төсвийг урт хугацааны хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж  мал аж  ахуйн салбарыг шинэ түвшинд хүргэх боломжтой юм гэж тайлбарласан юм.

Уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах тухай нэг удаагийн хуулийн төслийг Ман-ын бүлгийн гишүүд дэмжсэн бөгөөд ойрын хугацаанд Уих-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан юм.