Сүүлийн өдрүүдэд нийслэлийн иргэдийн дунд томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байна. Ханиад томууны тохиолдлын тоог өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад буурсан хэдий ч томууны шинж тэмдэгтэй үзүүлэх иргэдийн тоо буурахгүй байна. Сүхбаатар дүүргийн өрхийн эмнэлгийн тухайд сард 3000 гаруй иргэд үйлчлүүлдгээс 10 орчим хувийг томуу томуу төст өвчний шинж тэмдэгтэй иргэд байна. Томуу, томуу төст өвчний энэ хаврын онцлогийн хувьд вирусийн гаралтай бөгөөд бага насны хүүхдүүдээс илүүтэйгээр насанд хүрсэн иргэдийн хувьд өвчлөл их байгаа бөгөөд энэ нь цаг агаар дулаарч агаар орчны болоод хөрсний бохирдол болон тухайн иргэний дархлаа суларч байгаатай холбон тайлбарлаж байна.
Өчигдрөөс сурагчдын улирлын амралт эхэлж хүүхдүүд амарч байгаа хэдий ч насанд хүрсэн хүмүүс амны хаалт зүүхгүй, агаар дуслын замаар дамжих өвчнийг зөөвөрлөж, бага насны хүүхдэдээ халдвар дамжуулах эрсдэлтэй байна.
Томуугийн мэдээнээс харахад B хэв шинжийн вирус их байна. Мөн амьсгалын замын синцитиал вирус илэрч байгаа юм байна. Эдгээрийн шинж тэмдэг нь нус гоожих, толгой өвдөх зэргээр илэрч яваандаа вирус биед тархан халуурах давтамж нэмэгдэн, хоолой өвдөх, шөнөөр унтахад бэрхшээлтэй болж ханиалгах зэрэг багтаж байна. Мэргэжилтнүүдийн зүгээс ханиадны шинж тэмдэг илэрсэн үед хөнгөн үед нь арга хэмжээ авч ханиадыг дарахгүй хүндрүүлж байгааг хэлж байгаа юм. Тиймээс иргэд шинж тэмдэг илэрсэн даруйд өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан эмнэлзүйн шинж тэмдгээ тодорхойлуулах зөв эмчилгээ хийлгэх шаардлагатайг хэлж байна.