0-5 насны хүүхэдтэй эмэгтэйчүүд утаа, түгжрэл, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас шалтгаалж хөдөлмөр эрхэлж чаддаггүй

Монгол эмэгтэйчүүдийн ажиллах боломж нөхцөл болон цалин хөлсний хэмжээ бага байгаа нь олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар тогтоогдсон байна. 2 эмэгтэй тутмын 1 нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Мөн ажил эрхэлж байгаа Монгол эмэгтэйчүүдийн цалин хөлсний хэмжээ нь эрэгтэйчүүдийнхээс харьцангуй бага байна. Үүнээс гадна эмэгтэйчүүд цалин, хөлсгүй ажил хөдөлмөр буюу бага насны хүүхэд болон өндөр настан асрах нь их байгааг тус судалгаанаас харж болохоор байгаа юм. Үүнтэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.

  • Манай улсын нийт хүн амын 50 хувь нь эмэгтэйчүүд. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 50 гаруй хувь нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
  • Тэгвэл хөдөлмөрийн насны хүн амд ажиллагсдын эзлэх хувийг хүйсээр нь авч үзвэл эрэгтэйчүүд 60 гаруй хувь эзэлж байгаа бол  эмэгтэйчүүд 48 гаруй хувийг эзэлж байгаа юм.
  • Өнөөдрийн байдлаар эмэгтэй ажиллагсдын сарын дундаж цалин 1.7 сая төгрөг байна. Энэ нь эрэгтэйчүүдийнхээс 538 мянган төгрөгөөр  бага байна гэсэн үг юм.
  • Мөн 0-5 насны хүүхэдтэй эмэгтэйчүүд утаа, түгжрэл, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас шалтгаалж хөдөлмөр эрхэлж чадахгүй байгааг судалгааны дүн харуулж байна.

Судалгаанд дурдсанаар Монгол эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт бага байгаагийн шалтгаан нь агаар орчны бохирдол, цэцэрлэг, сургуулийн хүртээмжгүй байдал зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна. Жишээлбэл, өвлийн улиралд бага насны хүүхэд агаарын бохирдлоос үүдэлтэй олон төрлийн халдварт өвчин тусдаг. Тиймээс хүүхдээ асрах ээжүүд бүтэн цагаар ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсдэг байна. Мөн ээжүүдэд цахимаар ажиллах боломжийг нээж өгөх хэрэгтэйг тэдний төлөөллүүд хэлж байсан юм. Зарим ээжүүд хүүхдээ харангаа цахимаар ажиллаад нэг жилд 10.000 сая төгрөг хүртэлх хуримтлалыг үүсгэж чаджээ.  

Монгол улсад цалин хөлсгүй ажил, хөдөлмөр эрхлэлт буюу өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн мөн бага насны хүүхдийг асрах зэрэгт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2.5-3 цагийг илүү зарцуулдаг байна. Мөн энэ ялгаатай байдал нь хөдөө орон нутагт илүү өндөр байгааг Азийн Хөгжлийн банкны хийсэн судалгаанд дурджээ. Тиймээс асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Үүнээс гадна ээжүүд өөрсдийн мэргэжлийн дагуу цахимаар ажлаа хийх боломжийг зарим байгууллагууд нээж өгч байгаа юм байна.

Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ажиллах хүчний оролцоог тэнцвэртэй хадгалах нь эдийн засгийн өсөлт, хөгжилд эергээр нөлөөлдөг байна. Мөн олон улсын туршлагаас харахад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд 6-11 насны хүүхэд асрах үйлчилгээг улсаас санхүүжүүлэх нь хамгийн оновчтой байдаг юм байна. Үүнээс гадна технологийн дэвшлийн  эрингийн энэ үед цахимаар буюу зайнаас ажиллах боломжийг ээжүүдэд нээж өгөх хэрэгтэй юм.