ЕБС-ын сургалтын хөтөлбөрт анги бүрд 1-2 аутизмын эмгэгтэй хүүхдэд боловсрол олгох заалттай байдаг. Гэвч эдгээр хүүхдүүдийг ангийн багш нь гадуурхах, мөн үеийн хүүхдүүдийн харилцаа хандлагын тааламжгүй байдал зэргээс шалтгаалан сурч хүмүүжих эрхээр хангагдаж чаддаггүй байна.
Манай улсын эрүүл мэндийн салбар энэ төрлийн эмгэгийг оношилж, эмчлэх асуудал олон улсаас доогуур төвшинд байгааг эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байна. Улсын хэмжээнд зөвхөн Сэтгэцийн Эрүүл Мэндийн төвд аутизмын хүрээний эмгэгийг оношилж, эмчилдэг нь хүртээмж муу байгаа юм. Энэ төрлийн эмгэгтэй хүүхдийг эмнэлгийн орчинд эмчлэхээс илүүтэй нийгмийн харилцаанд оруулан мэргэжлийн баг бүрэлдэхүүн хамтран ажиллах нь чухал юм байна.
Хэдийгээр аутизмтай хүүхдүүдийг тэгш хамран сурах бололцоог олон хуулиар нээж өгсөн ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Тиймээс аутизмтай хүүхдийн талаар нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох цаашлаад төрийн зүгээс оношилгоо, эмчилгээг сайжруулж, хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатай тулгарчээ.
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс гаргасан тоон мэдээллээр манай улсад 2000 орчим аутизмын эмгэгтэй хүүхэд байна гэх судалгааг танилцуулсан байдаг. Харин энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын хийсэн албан бус судалгаагаар аутизмын эмгэгтэй хүүхдийн тоо 7000 мянгад хүрсэн гэдгийг мэдээлсэн. Тэгвэл энэхүү нөхцөл байдлаас энэ төрлийн эмгэгийг оношлох үйл явц хангалтгүй байгаа нь харагдаж байгаа юм.