Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах төлөвлөлтийн хүрээнд ипотекийн зээл олголтын 60 орчим хувийг хөдөө орон нутагт олгохоор шийдвэрлэжээ. Өнгөрөгч оны эхэнд хөдөө орон нутагт ажиллаж, амьдрах залуусыг орон сууцад хамруулах боломж бүрдүүлэхээр ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгон бууруулж, зээлийн урьдчилгаа 60 хүртэл хувийг зээлийн Батлан Даалтын сангаас даах шийдвэр гаргаж байсан. Тиймээс сүүлийн жилүүдэд ипотекийн зээл авах хүсэлт эрс нэмэгдсэн бөгөөд зээлийн шийдвэрлэлт тодорхойгүй хугацаанд хүлээлт үүсгэжээ. Тэгвэл энэ асуудлыг зээлийн эргэн төлөлт хангалтгүй, орон сууцын барилгын ажил удаашралтай байгаатай холбон тайлбарлаж байна.
-
Анх 2013 онд улсын хэмжээнд ипотекийн зээл хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 122 мянган өрхөд зээл олгожээ. Эдгээр айл өрхүүдэд Монголбанк, Засгийн газар болон арилжааны банкуудын эх үүсвэрээр нийт 7.7 их наяд төгрөгийн зээл олгосон байна.
-
Зөвхөн энэ онд гэхэд л 6400 айл өрх ипотекийн зээл авах хүсэлт гаргаад байна. Гэвч тодорхой шалтгааны улмаас 1500 орчим айл өрхийн зээлийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.
-
Нийт зээлийн хүсэлтийг шийдвэрлэхэд 803 тэрбум орчим төгрөгийн төсөв зарцуулагдах тооцоолол байна. Гэвч Монголбанкнаас энэ онд ипотекийн зээлийн санхүүжилтэд 500-600 тэрбум орчим төгрөг л тусгахаар төлөвлөсөн байна.
-
Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах төлөвлөлтийн хүрээнд хөдөө орон нутагт ипотекийн зээлийн хүүг хөнгөлж, 6 хувь байсныг 3 хувь болгон бууруулсан юм. Ингэснээр хөдөө орон нутагт чиглэх иргэдийн хөдөлгөөн нэмэгдэх эерэг үзүүлэлт гарна гэж холбогдох албаныхан үзэж байна.
Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийг орон нутагт тэгш хүртээмжтэй олгохоор шийдвэрлэжээ.сүүлийн 5 орчим жилийн хугацаанд нийт зээл олголтын 17 хувийг хөдөө орон нутагт орон сууц худалдан авсан өрхөд олгосон байна. Тэгвэл энэ оны эхний гурван сарын байдлаар хөдөө орон нутагт зээлд хамрагдах айл өрхийг хүсэлтийг 41 хувь болгон нэмэгдүүлсэн байна.
Сүүлийн жилүүдэд ипотекийн зээл авах хүсэлт эрс нэмэгдсэн байна. Ипотекийн зээлийн санхүүжилт дахин санхүүжилтийн хэлбэрээр явагддаг байна. Өөрөөр хэлбэл өмнөх зээл авсан иргэн зээлээ хэвийн төлснөөр дараагийн хүний зээлийн хүсэлт шийдвэрлэгдэх боломж бүрддэг байна.
Ийнхүү жилд дунджаар 13.000 орчим ипотекийн зээлийн хүсэлт арилжааны банкуудад ирдэг байна. Үүнээс 50 орчим хувь буюу 5000-6.000 орчим хүсэлтийг л шийдвэрлэгддэг байна. Харин шийдэгдээгүй буюу үлдсэн хүсэлтийг дараа жилийн санхүүжилтийн эх үүсвэрээр шийдэх зарчмаар явдаг байна. Ингэснээр арилжааны банкуудад өгсөн зарим ипотекийн зээлийн хүсэлт 1 жил орчмын дараа шийдэгдэх тохиолдлууд байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.