Тэтгэвэрт гарсан иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд НДШ төлөхгүй байж болно
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулга энэ оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Өмнө нь тэтгэвэр тогтоолгосон иргэд ажил хөдөлмөр хийхдээ давхар НДШ төлдөг байсан  бол тус хуулиар тэтгэврийн насны хүн ажил хөдөлмөр эрхэлбэл НДШ төлөхгүй байж болох зохицуулалттай болсон. Мөн энэ оноос эхлэн НДШ-ийг нөхөн төлөхийг хоригложээ.

Нэгэнт тэтгэвэр тогтоолгосон иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол НДШ давтан төлөхгүй байж болно. Гэхдээ тэтгэврээ нэмэгдүүлж тооцуулахын тулд өөрийн сонголтоор тэтгэврийн даатгал 8.5 хувийг төлөх эсэхээ өөрөө шийдэх юм. Тодруулж хэлбэл, өндөр насны тэтгэвэр авагч ажил хийвэл ослын даатгалын шимтгэлийг ажил олгогч төлнө. Харин эмд-ыг төрөөс хариуцан төлөх юм байна. Үүнээс гадна ажилгүйдлийн даатгалыг огт төлөхгүй байх зэргээр шинэ хуулийн зохицуулалтыг оруулжээ.

Мөн Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар иргэн хөдөлмөрийн гэрээг хэдэн ч байгууллагатай хийж болно. Ингэхдээ тухайн иргэн 3 ажил давхар хийдэг бол НДШ-ийг ч тус бүр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил бүрээрээ төлнө гэсэн үг. Харин давхар хийж байгаа ажлуудаас авч буй цалин нь нийлээд цалингийн дээд хэмжээнээс хэтэрч байвал хэтэрсэн хэсэгтээ НДШ төлөхгүй байж болох юм байна.

Үүнээс гадна Нийгмийн Даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгаар малчдын НДШ-ийн 50 хувийг 5 жилийн хугацаатайгаар төрөөс төлж байгаа. Энэ нь малчдын НДШ төлөлтийн идэвхийг нэмэгдүүлэх зорилготой гэсэн юм. Судалгаагаар 4 малчин тутмын 1 нь НДШ төлж байна.

Мөн нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгаар НДШ нөхөн төлөхийг хориглох зохицуулалтыг оруулсан байдаг. Ингэж хориглохгүй бол тогтвортой хөдөлмөр эрхэлж, НДШ-ээ шударгаар төлж байгаа иргэд хохирох, НД-ын сангийн зардал орлогоосоо давах шалтгаан болсоор байгаа юм. Зөвхөн ААН нь ажилтны цалингаас НДШ авсан атал төлөөгүй өр үүсгэсэн тохиолдолд зайлшгүй нөхөн төлүүлэх юм.