Дэлхийн хамгийн хүчирхэг MRI шинжилгээний төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлжээ

Ердийн хэрэглээнд ашиглагдаж байгаа MRI төхөөрөмжтэй харьцуулахад 10 дахин илүү хүчин чадалтай, илүү нарийвчлалтай, дэлхийн хамгийн хүчирхэг гэгдэж буй тархины соронзон резонант төхөөрөмж хэрэглээнд нэвтэрчээ. Өнгөрсөн 2021 онд Франц улсын атомын эрчим хүчний хорооны судлаачид өөрсдийн зохион бүтээсэн төхөөрөмжийг ашиглан хулууны зургийг өндөр нарийвчлалтайгаар буулгаж, хүчин чадлыг нь нотлон харуулж чадсан боловч холбогдох байгууллагаас хүн дээр туршилт явуулах зөвшөөрөл олгоогүй байсан юм.

Харин саяхан Францын Эрүүл Мэндийн яамнаас хүний бие дээр туршилт явуулах зөвшөөрөл олгосноор уг төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлэх ажил бодитоор хэрэгжиж эхэлжээ.  Сүүлийн хэдэн сарын хугацаанд 20 гаруй сайн дурынхныг шинэ технологийнхоо анхны хэрэглэгчид болгож туршсаны дараа үр дүнг олон нийтэд танилцуулсан байна.

Төсөл дээр ажиллаж байгаа физикч Александр Вигнауд “Бид урьд өмнө нь хэзээ ч хүрч байгаагүй үр дүн, нарийвчлалыг олж харлаа” хэмээн хэлсэн байна. Энэхүү соронзон резонант төхөөрөмжийн бий болгож байгаа соронзон орны хэмжээ нь 11.7 тесла нь одоогоор хэрэглээнд байгаа ердийн төхөөрөмжтэй харьцуулахад 10 дахин өндөр нарийвчлалтай гэдгийг илтгэж байгаа юм. Зохион бүтээгчид төхөөрөмжийн боловсруулсан зургийг ердийн MRI төхөөрөмжийн боловсруулсан зурагтай харьцуулж харуулсан төдийгүй үр дүн нь хөндлөнгийн судлаачдын төсөөллийг хол давсан байна. “Бид энэхүү аппаратын тусламжтайгаар тархины гадаргыг тэжээдэг жижиг судаснууд эсвэл өнөөг хүртэл харж чадахгүй байсан тархины нарийн бүтцийн зургийг харах боломжтой, түүнчлэн олон төрлийн хавдар, эмгэгийг эрт үед нь илрүүлэх ач холбогдолтой” хэмээн судлаачид хэлжээ.

Таван метр урт, 1500 ампер цахилгаан гүйдэлтэй ороомог бүхий цахилгаан үүсгүүрээр ажилладаг 132 тонн жинтэй уг төхөөрөмж нь Франц, Германы инженер, судлаачдын хорин жилийн хамтын ажиллагаа, судалгааны үр дүн гэдгийг тэд хэлж байна. Харин АНУ болон Өмнөд Солонгосын эрдэмтэд судлаачид үүнтэй ижил хүчирхэг MRI төхөөрөмж зохион бүтээхээр ажиллаж байгаа ч хүний бие дээр турших, зураг боловсруулахад хэтэрхий эрт байгаа тухай мэдээлсэн юм. Ийм хүчирхэг төхөөрөмжийн судалгааны ажлын гол зорилгын нэг нь тархины анатомийн талаарх бидний ойлголтыг өргөжүүлж, тархи тодорхой ажил гүйцэтгэх үед аль хэсэг нь идэвхэждэг болохыг олж мэдэх явдал юм байна. Мөн альцгеймер, паркинсон зэрэг мэдрэлийн гаралтай өвчин, эсвэл сэтгэл гутрал, шизофрени зэрэг сэтгэл зүйн эмгэгүүдийн цаадах ойлгомжгүй шалтгааныг энэ төхөөрөмжийн тусламжтайгаар олж чадна гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.