Өнгөрсөн Мягмар гарагт Израилын армийн агаарын цохилтын уршгаар Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан 7 ажилтан амиа алджээ. Үүнтэй холбогдуулан дэлхийн удирдагчид албан ёсны мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийн гол буруутныг олж шийтгэхийг уриалж байна.
Өнгөрсөн Мягмар гарагт “World Central Kitchen” ОУ-ын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагын 7 ажилтан газын зурвас руу хоол хүнс тээвэрлэх үедээ агаарын цохилтод өртөж амиа алдсан байна. Израилын Засгийн газраас агаарын цохилт нь санамсаргүй тохиолдол байсныг онцолсон боловч Өрнөдийн холбоотнууд тайлбар өгөхийг шаардсаар байна. АНУ-ын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагын ажилтнууд амиа алдсан явдалд Цагаан ордны тэргүүн Жо Байден гүнээ харамсаж байгаа гэдгээ илэрхийлж, асуудлын шалтгааны олж тодруулахаа амласан байна. Хүмүүнлэгийн ажилтнууд агуулахад 100 гаруй тонн хүнсний бүтээгдэхүүн буулгаж байх үедээ агаарын цохилтод өртсөн байна.
Тэгвэл хүмүүнлэгийн байгууллагын удирдлагууд хоол хүнсний тусламжийг Газын зурваст хүргэх зөвшөөрлийг Израилын Засгийн газраас авсан бөгөөд зорчих хөдөлгөөний маршрутаа бас танилцуулсныг НҮБ-аас баталсан байна. НҮБ-аас “Израилын Засгийн газар болон хүмүүнлэгийн байгууллага хооронд тохиролцсон зүйлс байсан. Энэ нь талууд хүмүүнлэгийн тусламж газын зурваст нэвтрэхийг урьдаас мэдэж байсныг илтгэж байна” хэмээн тайлбарыг өгсөн байна. Долоон хүмүүнлэгийн ажилтан нь АНУ, Австрали, Польш, Их Британийн улсуудын иргэд байжээ. Ану-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Энтони Блинкен “Хүн ёсоор нэгэндээ туслахыг хичээж байгаа хүмүүс амь насаараа дэнжин тавих ёсгүй” гэдгийг хэлсэн байна. Шинжээчид Израилын арми агаарын цохилтод урьдчилан бэлтгэсэн буюу зохион байгуулалттай халдлага байсныг онцолсон байна.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху "Харамсалтай нь манай зэвсэгт хүчнийхэн газын зурваст санамсаргүй байдлаар гэм зэмгүй хүмүүсийг онилон агаарын цохилт өгсөн эмгэнэлт хэрэг гарлаа. Гэхдээ дайн байлдааны үед ийм үйл явдал тохиолддог” гэдгийг хэлсэн байна.