Үерийн өндөр эрсдэлтэй бүсэд байгаа 1900 орчим айл өрхийн 500-аад нь зөвшөөрөлгүй буужээ
Энэ сард цаг агаар огцом дулаарч байгаагаас нийслэл хотод шар усны үерийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрээд байна. Тухайлбал СХД-ийн Тахилт орчимд зарим хэсэгт уулын цас хайлж доош урсаж байгаа тул авто машин болоод явган хүн  зорчиход  хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.

Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан нийслэлийн зарим дүүргүүдэд мөн орон нутагт шар усны үер болж байна. Уулын цас болон гуу жалганы цас мөс хайлж доош урсан шар усны үерийн эрсдэлийг бий болгож байна. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 2-ны шөнө Сонгино-Хайрхан дүүргийн нутаг дэвсгэр 22-ын товчооны гүүрэн гарц доогуур шар усны үер хальж 2 автомашин урссан байна. Тухайн хэсэгт ажиллаж буй ажилчдын зүгээс тэр хэсэгт ус зайлуулах шугам хоолойгүйн улмаас хажуугийн жалганы ус орж ирсэн гэж мэдээлж байгаа юм. Цаашид уг хэсэгт үерийн далан барихгүй бол шар усны үерээс гадна зун их хэмжээний бороо орвол дээрх үйл явдал давтагдана гэдгийг хэлж байна. Мөн иргэдийн зүгээс автомашинтай болон явганаар зорчиход ч хүндрэлтэй байгааг хэлж байна.

Нийслэлийн хэмжээнд халиа тошин үүссэн 33 байршил байгаагаас Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэг эрсдэл өндөртэй бүсэд багтаж байна. Үерийн өндөр эрсдэлтэй бүсэд байгаа 1900 орчим айл өрхийн 500 орчим нь зөвшөөрөлгүй буусан айл өрхүүд байгаа юм байна. Холбогдох байгууллагуудаас айл тус бүрд нүүлгэх тухай мэдэгдлийг хүргэж, амьдрах боломжтой суурьшлын бүс зааж өгч байгаа ч өрхүүд нүүхгүй байгаа юм байна.

Цаашид шар усны үерийн эрсдэл байсаар байх тул иргэд өөрсдөө шар усны үерээс сэргийлэх ажлыг зохион байгуулах, гэрээ тойруулж бага хэмжээний суваг шуудуу татах, эрсдэлтэй бүсээс нүүх гэх мэт ажлуудыг хийх шаардлагатай байна.