Монголын Үндэсний номын сан 102 жилийн түүхэндээ анх удаа олон улсын стандартад нийцсэн шинэ салбар байртай болж байна. Нэг дор 600 орчим уншигч хүлээн авах хүчин чадалтай, 11 давхар тус барилга нь орчин үеийн дэвшилтэд технологи бүхий тухтай орчин бүрдүүлэх шийдлээр баригджээ. Ирэх 5-р сараас уншигчдаа хүлээн авахаар бэлтгэж үндэсний номын сангийн үндсэн байрнаас шинэ барилга руу салбарлах нүүлгэлтийн ажлыг өнөөдөр эхлүүлсэн байна.
Мөн гэр бүлийн уншлагын танхим, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн танхим, цахим номын сан, сонсдог номын сан зэрэг нийт 16 уншлагын танхимтай байхаар тохижуулжээ. 11 давхар тус барилгад нэг дор 530 уншигч, харин чөлөөт танхимтай нийлбэл 1000 гаруй хүнийг хүлээн авах чадалтай байна. Өөрөөр хэлбэл, Үндэсний номын сангийн энэхүү шинэ салбар нь манай улсын анхны олон стандартад нийцсэн нийтийн номын сан болж буйгаараа онцлог байна.
Салбар номын сангийн үйл ажиллагааг ирэх 5-р сараас эхлүүлэхээр бэлтгэж Үндэсний номын сангийн ажилтнууд болон хилийн цэргийнхэн хамтран нүүлгэлтийн ажлыг эхлүүлээд байна. Анх 1951 онд 500 мянган номтой үйл ажиллагаагаа эхэлж байсан үндэсний номын сан өдгөө 3 сая 500 мянган номтой, байнгын 600 мянга гаруй уншигчтай болж өргөжжээ. Энэ нь хуучин барилгын номын сангийн стандартаас даруй 4-7 дахин хэтэрсэн даац юм байна. Тиймээс шинэ барилгад уншигчдыг хүлээн авч, үзэсгэлэн сургалт зэрэг бусад үйл ажиллагааг зохион байгуулах юм. Харин одоогийн хуучин барилга нь архитектурын өвөрмөц сонгодог загвар бүхий соёлын дурсгалд зүй ёсоор тооцогддог төдийгүй үндэсний номын санд зориулан бүтээсэн түүхэн барилга юм. Тиймээс үндэсний бичиг үсгийн хосгүй үнэт дурсгалыг олон улсын жишиг, стандартын дагуу сэргээн шинэчилж, хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судлах цогц соёлын төв байгууламж болгон үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.