Манай улс 1996 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг дотооддоо амжилттай хийж, хэсэг завсарласны дараагаар 2006 оноос өнөөг хүртэл эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг тасралтгүй хийж байна. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд нийт 808 хүнд ясны чөмөг үүдэл эс болон элэг, бөөр шилжүүлэн суулгажээ. Донорыг амьд, амьгүй гэж хоёр ангилан үздэг бөгөөд амьд донор нь гэр бүлийн гишүүн байх бөгөөд сайн дурын үндсэн дээр элэг, бөөрөө хандивладаг байна.
Харин өвчтөн тархины үхэлтэй нь оношлогдсон буюу цаашид амьдрах боломжгүй болсон тохиолдолд гэр бүлийнх гишүүдээс зөвшөөрөл авсны үндсэн дээр амьгүй донор гэж үздэг байна. Нэг амьгүй донор 8 хүний амийг аварч, амьдралын чанарыг сайжруулдаг байна. Улмаар тухайн эрхтнийг суулгуулсан иргэд ч донороо насан туршдаа санаж, өглөө орой болгон залбирлаар талархлаа илэрхийлдгээ ярьж байсан юм.
Амьд донор нэг хүний амийг авардаг бол амьгүй донор найман хүний амийг авардаг. Гэтэл манай улсад хийгдэж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны 90 орчим хувь нь амьд донор буюу тухайн өвчтөний гэр бүл, төрөл төрөгсөд байгаа юм. Харин цаана нь зайлшгүй эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэд хүлээлгийн жагсаалтад ордог. Одоогоор хүлээлгийн жагсаалтад байгаа иргэдийн тоо 1000 даваад байна. Тэгвэл мэргэжилтнүүдийн зүгээс донор болоод тэдний гэр бүлд талархах энэ хүндэтгэлийн өдрөөр төрийн бус байгууллага байгуулж, иргэдэд зөв ойлголт өгөх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Тэгвэл олон улсад ч мөн амьд донороос эрхтэн шилжүүлэхээс татгалзаж, аль болох амьгүй донорыг сонгохыг илүүд үздэг байна. 2023 оны байдлаар дэлхийн 90 гаруй улсад тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байна. Ингэхдээ хууль эрх зүйн зохицуулалтыг ч хийсэн бөгөөд хамгийн түгээмэл нь насанд хүрсэн иргэн жолооны үнэмлэх авах үедээ донор болох үгүйгээ өөрөө шийдэж, бүртгүүлдэг байна. Харин манай улсад донорын тухай хуульд эрхтэн шилжүүлэн суулгах тухай зохицуулалт байдаг ч хангалтгүй гэж салбарынхан үзсэн байна. Тиймээс энэ хаврын УИХ-ын Чуулганд эрхтэн шилжүүлэн суулгах тухай бие даасан хууль өргөн барих талаар мэдээллээ.
Манай улсад 2018 оноос эхлэн амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах хуулийн зохицуулалтыг оруулжээ. Үүнээс хойш 7 жилийн хугацаанд 64 хүнд амьгүй донороос элэг, бөөр шилжүүлэн суулгажээ.