2008 оноос эхлэн дэлхий нийтээр 4-р сарыг аутизмыг таниулах сар болгон тэмдэглэж ирсэн. Манай улсад жилээс жилд аутизмын эмгэгтэй хүүхдийн тоо нэмэгдсээр байгаа ч өнөөдөр аутизмтай иргэд бусдын адил нийгмийн харилцаанд оролцож, бусадтай л ижил шинэ зүйлсэд суралцсаар байна. Манай сурвалжлах баг монголын скаутын холбооны дэргэдэх “бид чадна” бүлгийн аутизмтай хүүхдүүдийн нэг өдөртэй танилцжээ.
Эрдэнэбат, Б.Баттулга хоёр дор бүрнээ өөрсдийн авьяастай. Үүнийгээ хөгжүүлэхийн тулд бусадтай харилцаж, суралцаж байна. Тэдний нэг өдрийн хувьд хичээлдээ явах, усан сэлэлтээр хичээллэх, зураг зурах, үлгэрийн ном унших зэргээр бусадтай л ижил нийгмийн харилцаанд оролцож байна.
Өнөөдөр Баттулга, Эрдэнэбат болон тэдний найзуудтай ижлээр дэлхийн хүн амын 1 хувь нь аутизмын хүрээний эмгэгээр оношлогдоод байна. Аутизмын хүрээний эмгэгтэй хүн нь бусад хүнтэй харилцах ур чадвар болон нийгэмших байдлын хувьд бэрхшээлтэй байдгаас гадна нэг зүйлд анхаарлаа хэт төвлөрүүлэх, хязгаарлагдмал сонирхолтой байх зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг байна. Энэ бол өвчин биш харин харилцааны эмгэг юм.
Ийнхүү хүүхдүүд аутизмын эмгэгтэй ч бусадтай харилцаж мөн янз бүрийн чадваруудаа хөгжүүлсээр байна. Тэдний хувьд цэцэрлэг, сургуульд суралцах нь нийгэмших байдалд нь ихээхэн чухал нөлөөтэй байдаг юм байна. Мөн манай улсад аутизмыг оношилдог байгууллага, мэргэжилтнүүд дутагдалтай байгаагаас шалтгаалж оношлуулахын тулд хагас жил хүртэл хугацаанд хүлээх тохиолдлууд байдаг талаар ярьж байсан юм.
Аутизмаар оношлогдсон хүн бүр гоц авьяастай байх албагүй ч хүүхдийнхээ бусадтай ижил байдлаар өсөж хөгжиж, сурах боломжийг эцэх эхчүүд нээж өгөх хэрэгтэй гэдгийг мэргэжлийнхэн хэлж байсан юм. Мөн аутизмын хүний шинж тэмдэг нь хүний нүд рүү эгцэлж хардаггүй, үеийнхээ хүүхдүүдтэй хамт тоглодоггүй, хэлд орохгүй оройтох зэргээр янз бүрийн шинж тэмдэг илэрдэг байна.