Тайванийн Хуалиен хотын захирагч Ху Чен-Вэй байгалийн гамшигт өртөж хазайсан, нурж эхэлсэн нийт барилга байгууламжуудаас оршин суугчид, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Мөн хазайж эхэлсэн дөрвөн томоохон барилгыг нураах ажил эхэлснийг мэдээлж байна.
Өнгөрсөн Мягмар гарагт 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэний дараа үргэлжлэн 50 гаруй удаагийн чичиргээ мэдрэгдсэнийг цаг уурын байгууллагаас анхааруулжээ. Хүмүүс ажил, сургууль руугаа явж байсан үед байгалийн гамшиг тохиосон төдийгүй газар хөдлөлт 15.5 километр газрын гүнд болсон байна. Ингэснээр мөн Японы өмнөд хэсэг болон Филиппинд далайн түвшнийг нэмэгдүүлж, цунами үүсэх аюул нүүрлэсэн байна.
Аврах албанаас мэдээлснээр, Тайванийн “Тароко” хэмээх Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дэргэдэх зочид буудлыг чиглэн хавцал дахь замаар явж байсан том оврын дөрвөн тээврийн хэрэгсэл дэх 50 хүн ор сураггүй алга болоод байна. Аврагчид тэднийг эрж хайж байгаа төдийгүй огт холбоо тогтоож чадахгүй байгаа юм байна. Түүнчлэн өөр 80 хүн уурхайн бүсэд гацсан байгаа боловч одоогоор амь насанд нь аюул занал учраагүй болох нь тогтоогджээ. Уулаар дамжин өнгөрөх хурдны зам дээр хөрсний гулгалтаар бууж ирсэн асар том чулуунууд зорчих хэсгийг тагласан байдалтай байна.
Энэхүү газар хөдлөлт нь Тайваньд 1999 онд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс хойших хамгийн том байгалийн гамшиг болсныг албан ёсны төв мэдээллийн агентлаг мэдээлж байна. 1999 оны газар хөдлөлтөөр 2400 орчим хүн амиа алдан, 50 мянга гаруй барилга байгууламж эвдэрч, сүйдэж байжээ.