Энэ он гарсаар ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины эсрэг дайн байлдааны ажиллагаанд оролцох 100 мянга гаруй гэрээт цэргийг армидаа элсүүлсэн байна
Энэ он гарсаар ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины эсрэг дайн байлдааны ажиллагаанд оролцох 100 мянга гаруй гэрээт цэргийг армидаа элсүүлсэн байна. Сүүлийн үед ОХУ-ын армид элсэж Украины эсрэг байлдааны ажиллагаанд оролцох сонирхолтой хүмүүсийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн талаар тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хэлсэн байна.

Зөвхөн сүүлийн 10 хоногт тус улсын 16 мянга орчим иргэн армид үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд тэдний дийлэнх нь өнгөрсөн сарын сүүлээр “Crocus City Hall”-д болсон халдлагын үеэр амь үрэгдэгсдийн өмнөөс өшөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг Сергей Шойгу хэлжээ.

Өнгөрсөн сарын 22-ны өдөр Москва хотоос холгүй орших концертын танхимд 140 гаруй хүний амийг авсан аймшигт халдлага гарсны дээр олон хүн бууны суманд өртөж, барилгын нурангид дарагдан гэмтэж бэртсэн юм. ОХУ-ын эрх баригчид тус халдлагын захиалагч нь Украин болон түүний Барууны холбоотнууд гэж буруутгаж байгаа юм. Харин Исламын улс бүлэглэл халдлагыг үйлдсэнээ мэдэгдсэн бол Украин болон Өрнөдийнхөн террорист халдлагад огт холбоо хамааралгүй гэдгээ удаа дараа мэдэгдээд байна.

Өнгөрсөн оны хавраас эхлэн ОХУ-ын Батлан хамгаалах яам гэрээт цэргийн албыг сурталчлах томоохон кампанит ажил явуулж, өндөр шан харамж амлаж эхэлсэн юм. Хэдийгээр ОХУ-ын эрх баригчид энэхүү кампанит ажлыг явуулах нь армийнхаа хүн хүчний хомсдолыг нөхөх зорилготой гэж тайлбарлаж байгаа ч үнэн хэрэгтээ цэргийн дайчилгаа явуулах эрсдэлээс зайлсхийж байна гэж шинжээчид үзэж байгаа юм.

Мөн Украины дайн эхэлсний дараахан В.Путин цэргийн дайчилгаа явуулсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй нүүр тулж, олон мянган орос залуусыг эх орноосоо дүрвэхэд хүргэсэн тул Кремль гэрээт цэргийг идэвхтэй сурталчилж байгаа юм.

Өнгөрсөн 2023 онд ОХУ-ын Батлан хамгаалах яам 400 мянган гэрээт цэргийг армидаа элсүүлэх зорилт тавьсан ч үр дүнд хүрсэн эсэх нь тодорхойгүй байна.  Өнгөрсөн оны 10-р сард ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев “305 мянган хүн тус улсын батлан хамгаалах яамтай хөдөлмөрийн гэрээ байгуулснаас гадна 80 мянган хүн сайн дурын дайчдын эгнээнд нэгдсэн” гэж мэдээлж байсан юм. Тэгвэл саяхан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 2024 онд оросын арми 745,000 гэрээт цэргийг армидаа элсүүлэхээр төлөвлөж байгаа хэмээн мэдэгджээ.