Дүүжин тээврийн төсөл нь Монгол болон Францын Засгийн газар хоорондын 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байна
Өнөөдөр нийслэл дэх дүүжин тээврийн бүтээн байгуулалтын шав  тавигдлаа. Яармагаас 1-р хорооллын хооронд явах дүүжин тээвэр нь 2025 онд ашиглалтад орох юм байна. Ингэснээр иргэд тус чиглэлд иргэд ердөө 11 минутад зорчих боломжтой болно. Дүүжин тээврийн төслийн гүйцэтгэгчээр франц улсын “Пома” групп ажиллаж байгаа бөгөөд дүүжин тээврийн аюулгүй байдалд итгэлтэй байгаа талаар тус группийн зүгээс мэдээлжээ.

Дүүжин тээврийн төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавьж барилга угсралтын ажил эхэлж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг яармаг-1-р хороолол чиглэлд барих юм. Барилга угсралтын ажлыг франц улсын Пома групп хариуцан ажиллаж байгаа бөгөөд цастай, бороотой, салхитай гээд цаг агаарын аль ч нөхцөлд аюулгүй ажиллана гэдгийг тэдний зүгээс мэдээлсэн юм.

Үргэлжлүүлэн Улаанбаатар хотод баригдах гэж буй дүүжин тээврийн үзүүлэлтийн талаарх зарим мэдээллийг хүргэе. Дүүжин тээвэр нь 4.2 км урттай байх бөгөөд Яармагийн Арцатаас 1-р хорооллын Өнөр хороолол хүртэлх чиглэлд баригдсанаар энэ хооронд зорчигч 11 минутад явна гэж тооцжээ. Түүнчлэн тус дүүжин тээвэр нь 98 кабинтай байх бөгөөд нэг бүхээгт 10 зорчигч суух боломжтой байхаар төлөвлөсөн байна. Тухайн бүтээн байгуулалтын ажил нь монгол болон Францын Засгийн газар хоорондын нэн хөнгөлөлттэй зээлээр буюу 60.7 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа юм. Энэ төслийн санхүүжилт нь зээлийн маш бага хүүтэй мөн эргэн төлөлтийн хугацаа нь 40-өөс дээш жил байх юм байна.

Улаанбаатар хотод баригдах гэж буй дүүжин тээврийн төслийн гүйцэтгэгч Францын Пома групп нь дэлхийн нийт 90 гаруй улсад дүүжин тээврийг барьж байгуулжээ. Жишээлбэл, манай улстай ижил хүйтэн сэрүүн цаг агаартай ОХУ-ын Нижний Новгород хотод дүүжин тээврийг тус компани нь нэвтрүүлсэн туршлагатай юм байна. Мөн дүүжин тээвэр нь метро, трамбайг бодвол илүү хурдан хугацаанд баригддаг онцлогтой юм.