Украины Зэвсэгт хүчин ОХУ-ын эрчим хүчний дэд бүтцийг онилон дроны цохилт өгсний уршгаар тус улсын газрын боловсруулах үйлдвэрүүдийн шатахууны гарц 14 хувиар буурчээ

Өнгөрсөн 3-р сард Украины Зэвсэгт хүчин ОХУ-ын эрчим хүчний дэд бүтцийг онилон дроны цохилт өгсний уршгаар тус улсын газрын боловсруулах үйлдвэрүүдийн шатахууны гарц 14 хувиар буурчээ. Өнгөрсөн сард ОХУ-ын газрын тосны компаниуд өдөрт 105 мянган тонн шатахуун үйлдвэрлэсэн нь 2-р сарын тоон үзүүлэлттэй харьцуулахад 14 хувиар буурсныг илтгэж байна гэж “Коммерсант” бизнес сэтгүүл мэдээлсэн байна.

Түүнчлэн мөн хугацаанд дизель түлшний үйлдвэрлэл 3.5 хувиар буурч, өдөрт 231 тоннд хүрсэн байна. Өнгөрсөн сард Украины зэвсэгт хүчин дрон ашиглан ОХУ-ын томоохон газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгч, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулснаас гадна эрчим хүчний дэд бүтцүүд бөмбөгдөлтөд өртөж шатсан байна.  Өнгөрсөн 3-р сард Оросын найман том газрын тос боловсруулах үйлдвэр дроны цохилтод өртсөн тул дөрвийнх нь үйл ажиллагааг хэсэгчлэн эсвэл бүрмөсөн зогсоосон байна. 3-р сард Украины нисгэгчгүй онгоцны дайралт нь оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үндсэн хүчин чадлыг 14 орчим хувиар бууруулсан гэж Ройтерс агентлагийн шинжээчд тооцоолж байгаа нь албаны мэдээлэлтэй яг таг таарч байгаа юм байна.

Тэгвэл пүрэв гарагт ОХУ-ын Эрчим Хүчний сайд Николай Шульгинов эвдэрч, сүйдсэн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн засварын ажил ирэх сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг мэдээлжээ. 

Мөн тус улсын Шадар сайд Александр Новак "Болзошгүй эрсдэлээс зайлсхийхийн тулд" бензин, дизель түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг дроны халдлагад өртөөгүй газрын тосны компаниудад үүрэг болгосон гэж мэдэгджээ. Өнгөрсөн сарын эхээр газрын тосны үнэ буурч дотоодын хэрэглэгчид таатай үнээр бүтээгдэхүүн худалдан авах төлөвтэй байсан ч дроны халдлагын дараа нөхцөл байдал өөрчлөгдөж, ОХУ-д шатахууны үнэ энэ долоо хоногт тодорхой хувиар нэмэгдсэн байна.

Өмнө нь Беларус улсын эрчим хүчний компаниуд хөрш ОХУ-ын зах зээлд шатахуун, дизель түлш худалдан борлуулдаг байсан ч салбарын өрсөлдөөн болон тээвэрлэлтийн өртөг зэргээс шалтгаалан ОХУ-ын зах зээлийг орхин гарсан байна. Дроны халдлагын уршгаар оросын үйлдвэрлэлийн гарц буурсан тул тэд бензин экспортлох замаар орон зайгаа нөхөх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.