Өнгөрсөн Пүрэв гарагт атлантын далай дамнасан цэргийн эвсэл НАТО-ын 75 жилийн ой тохиож, гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар чуулсан байна

НАТО-ын эвслийн гишүүн орнуудын Гадаад Хэргийн сайд нар Украины агаарын орон зайд ОХУ-ын баллистик пуужин нэвтрэхээс сэргийлэхийн тулд агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлэх боломжийг эрэлхийлж байна. Энэ асуудлаар тэд өнгөрсөн Пүрэв гарагт зөвшилцөлд хүрсэн боловч Украины эрх баригчдад тодорхой амлалт өгөхөөс татгалзжээ.

Өнгөрсөн Пүрэв гарагт атлантын далай дамнасан цэргийн эвсэл НАТО-ын 75 жилийн ой тохиож, гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар чуулсан юм. Гэвч энэхүү тэмдэглэлт өдөр нь Украины дайны сүүдэрт дарагдсан.

Өнгөрөгч ажлын хоёр хоногт болсон НАТО-ын 75 жилийн ойн дээд хэмжээний уулзалтад Украины Гадаад Хэргийн сайд Дмитрий Кулеба оролцсон байна. Тэрээр НАТО-ын түншүүдтэйгээ уулзаж, агаарын довтолгооноос хамгаалах систем, тэр дундаа АНУ-ын нэрийн хуудас болох “Газар-Агаар” ангиллын пуужингийн патриот системийг нэмж өгөхийг тэдэнд уриалжээ. Хариуд нь НАТО-ын эвслийн Ерөнхий Нарийн Бичгийн дарга Йенс Столтонберг Киевийн хүсэлтийг холбоотнууд ойлгож байгаа төдийгүй нөөц бололцооны талаар авч хэлэлцэнэ гэж мэдэгдсэн байна. Тэрээр "Уулзалт дуусаад холбоотнууд нутагтаа буцаж очмогц батлан  хамгаалах салбарын нөөцөө шалгаж, патриот системээр хангах арга зам байгаа эсэхийг судлах болно” хэмээн хэлсэн байна.

Тэгвэл АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Энтони Блинкен Иран, Умард Солонгос зэрэг улс нь ОХУ-ын Батлан ​​хамгаалах салбарыг чадавхжуулах, баазыг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгаа тул Өрнөдийнхөн Украинд илүү их дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа талаар хэлсэн байна. Хоёр өдөр үргэлжилсэн уулзалтын үеэр сайд нарын хэн нь ч Украин улсад зэр зэвсэг нийлүүлэх тодорхой амлалт өгөөгүй, тусламжийн зорилтын талаар ч илэн далангүй санал бодлоо хуваалцаагүй байна.

Өрнөдийнхөн ОХУ-ын Зэвсэгт хүчний хүчин чадал, сум зэр зэвсгийн нөөцөд эргэлзэж байгаа тухай нэрээ нууцалсан эх сурвалжууд хэлж байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам сар бүр 30 мянган цэргээ дайны талбар руу илгээж, хуурай замын давшилтаа үргэлжлүүлэх гэж оролдож байгаа боловч томоохон довтолгоонд шаардагдах сум хэрэгсэл, тактикийн өөрчлөлт гаргах чадвар бүхий анги нэгтгэл байхгүй гэж тооцоолж байна.

Энтони Блинкен ирэх 7-р сард Вашингтон хотноо болох эвслийн гишүүн орнуудын удирдагчдын уулзалтаар Украины гишүүнчлэл, зэр зэвсгийн тусламжтай холбоотой томоохон шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилжээ.