Зарим нийтийн тээврийн хувийн компанийн жолооч нар нэмэгдсэн дүнгээр цалингаа хараахан аваагүй байна
Нийтийн тээврийн жолооч нарын нэг сарын цалинг 1000 ам.доллар буюу 3.500.000 төгрөг болгож нэмэгдүүлнэ гэж хотын дарга өнгөрсөн 11-р сард мэдэгдэж байсан. Түүнээс хойш өнгөрөгч 2-р сард нийслэлийн төсвийг тодотгож автобусны жолоочийн цалинг 3.500.000 төгрөг болгох санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн юм. Тэгвэл нийтийн тээврийн автобусны жолооч нарын цалин өнгөрсөн сараас эхлэн нэмэгдсэн дүнгээр олгогдож байгаа юм байна.

Автобусны жолооч нь ихэвчлэн үүрийн 4 цагт ажилдаа ирж орой 11-12 цагийн үед буудаг байна. Энэ хугацаанд ажиллахад цайны цаг гэж 20 минут л гардаг гэж тэдний зүгээс хэлж байсан юм. Ийнхүү тэд ажлын хүнд нөхцөлд урт цагаар ажилдаг ч 1.500.000-2 сая орчим төгрөгөөр цалинжиж байсан юм. Ийнхүү цалин бага, ажиллах нөхцөл муугаас шалтгаалж шинэ автобус худалдан авсан ч жолоодох хүн олдохгүй нөхцөл байдалд хүрсэн учир жолоочдын цалинг өнгөрсөн 2-р сард нэмэгдүүлэх шийдвэр гарсан юм.

Ийнхүү автобусны жолоочийн цалин нэмэгдэх санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэж 3.500.000 төгрөгийн цалин авах нөхцөл бүрдсэн юм. Улсын автобус баазуудын жолоочдын цалин өнгөрсөн сараас эхлэн нэмэгдсэн дүнгээр олгогдож байгаа бол хувийн зарим нийтийн тээврийн компанийн жолоочид нэмэгдсэн дүнгээр цалингаа хараахан аваагүй байна. Дотоод журмаараа энэ сараас эхлэн цалингаа нэмэгдүүлж авах талаараа тэд хэлж байна.

Улсын зорчигч тээврийн нэгтгэлийн 1,2,3-р баазад нийт 800 орчим автобусны жолооч ажиллаж байгаа юм. Тус баазуудын жолоочдын цалин нэмэгдэж 3.500.000 төгрөгийг авч байгаа юм байна. Мөн тус автобус баазуудад ажилдаг инженер, техникийн ажилчдын цалин ч мөн нэмэгдэж 2 сая орчим төгрөгөөр цалинжиж байгаа юм байна.

Нийслэлийн 2024 оны төсөвт нийтийн тээврийн салбарын суурь зардлуудыг оруулж баталсан. Мөн Нийслэлийн төсвийн тодотголоор ч нэмж 26 тэрбум төгрөгийг хэлэлцэн баталсан юм.