Нэг хуушуурын үнэ хүрэхгүй мөнгөөр цэцэрлэгийн хүүхэд бүтэн өдрийн туршид хооллож байна
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 2019 оноос эхлэн нэг өдрийн 2475 төгрөгөөр тооцон олгож ирсэн. Гэвч одоогийн зах зээлийн ханшаар энэ төсвөөр хүүхдийн авах ёстой хэмжээний шим тэжээлтэй хүнс бэлтгэхэд хүрэлцдэггүй гэж яригдсаар байгаа. Салбар яамнаас уг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж өнгөрөгч оны зургаадугаар сард мэдэгдэж байсан ч өнөөг хүртэл шийдтэй арга хэмжээ аваагүй гэдгийг боловсролын байгууллагын төлөөлөл хэлж байна. Тэгвэл багш ажилчдын зүгээс нэг хүүхдийн өдрийн хоолны төсвийг 5000 төгрөг болгон нэмэгдүүлж, тодорхой мөнгөн дүнг нь эцэг эх, асран хамгаалагчдаас гаргуулах шийдлийг санал болгож байна.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сурч байгаа  хүүхдүүд өдөрт авах ёстой шим тэжээлийнхээ 80 хувийг цэцэрлэгийн хоолноосоо авбал зохистой гэж үздэг. Гэсэн хэдий ч хүүхдийн хоолны төсөв болох 2475 төгрөгөөр шаардлагатай шим тэжээлийг өгөх хоол бэлтгэж чаддаггүй байна. Тиймээс хоолны төсвийг нэмэгдүүлэх асуудлыг боловсролын байгууллагуудаас удаа дараалан сануулдаг ч өнөөг хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй байгаа юм. Улмаар цэцэрлэгийн хүүхдүүд хоолондоо цаддаггүй, нэмүүлэх хүсэлт тавьдаг ч тэр  хэмжээний хүрэлцээтэй хоол бэлтгэж чадахгүй байгаадаа сэтгэл зовниж явдаг гэдгээ багш ажилчдын төлөөлөл ярьж байсан юм.

Иймд цэцэрлэгийн хүүхдэд ногдох хоолны зардлыг хамгийн багадаа 5000 төгрөг болгож нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мөн тэдний зүгээс хоол хүнсний хангамжийг зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр худалдан авдаг нь хоолны хүртээмжгүй байдалд хүргэхэд нөлөөлдөг гэсэн юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн 300 орчим цэцэрлэгийн хүнсний бараа материалыг  “Асгат”, “Багачууд хүнс”, “Өсвөр үе хүнс”, “Хүнс хангамж” төв гэсэн дөрвөн аж ахуй нэгж л нийлүүлдэг байна. Эдгээр нь хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаас 2-4 дахин үнэтэй нийлүүлдэг гэсэн юм.

Тэгвэл өнгөрөгч оны 6-р сард болсон “Хүүхдийн хоол” Үндэсний чуулганы үеэр дээрх яригдсан асуудлуудыг шийдвэрлэнэ гэдгийг салбарын сайд ийнхүү мэдэгдэж байсан юм.

Улмаар 2024 оны төсөвт цэцэрлэгийн хүүхдэд ногдох хоолны  зардлыг 4000 төгрөг  болгож нэмэгдүүлэх талаар тусгасан ч УИХ-ын гишүүд дэмжээгүй учир энэ оны төсөвт тусгагдаагүй байна. Тэгвэл дахин салбар яамнаас цэцэрлэг болон ЕБС-ийн сурагчдын үдийн хоолны төсвийг хамтад нь нэмүүлэх саналыг ирэх он буюу 2025 оны улсын төсөвт тусгахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ.