Сумын сургуульд багшлах хөтөлбөрийн 3 дахь удаагийн элсэлт 4-р сарын 15 хүртэл явагдана

Монгол улсын үндсэн хуульд хүн бүр сурч боловсрох эрхтэй бөгөөд төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэж заасан байдаг. Тэгвэл эрхээ эдлэх орчин буюу сургуулийн барилга нь байгаа ч сургах, мэдлэг олгох гол хүчин зүйл болох багшийн хүрэлцээ манай улсад өнөө ч дутмаг байна.

  • Улсын хэмжээнд жилд дунджаар 3000-3500 багш бэлтгэгдэн гардаг бол мөн ийм тооны багш гавьяаныхаа амралтад гардаг байна. Тэтгэвэрт гарч байгаа   багш болон багшийн мэргэжлээр төгсөгчдийн тоо ойролцоо байгаа боловч жил ирэх тусам багшийн сул орон тоо нэмэгдсээр байгаа юм.
  • Тухайлбал, 2022-2023 оны хичээлийн жилд гэхэд л улсын хэмжээнд ерөнхий боловсролын 2400 багшийн дутагдалтай байсан бол энэ хичээлийн жилд энэ үзүүлэлт өсөж, 4800 багшийн орон тоо сул болжээ.
  • Ялангуяа орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд ажиллах багш, боловсон хүчний дутагдал хамгийн их байна. Орон нутгийн нэг сургууль л гэхэд хамгийн багадаа 3 багшийн  сул орон тоотой байгаа юм.
  • Багшийн хүрэлцээ, боловсон хүчний дутагдал нь хүүхдийн сургалтын чанарт шууд нөлөөлж байгааг судалгаагаар тогтоогдсон байдаг байна. Мөн аймгийн төвийн сурагчид нийслэлд сурдаг сурагчдаас 1 жилийн хоцрогдолтой байгаа бол сумдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нийслэлийн сурагчдаас 1.8-2.5 жилийн хоцрогдолтой байна.

Тэгвэл боловсролын салбарт үүсээд буй энэ нөхцөл байдлыг сайжруулж, багшийн сул орон тоог нөхөхийн тулд бодлогын түвшинд болоод сайн дурын байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нэг болох teach for mongolia төрийн бус байгууллага нь алслагдсан сум руу багш бэлтгэн илгээдэг байна.

Энэ хүн бол социологич мэргэжилтэй Т.Пүрэвсүрэн. Тэрээр Улаанбаатар хотод амьдардаг хэдий ч 2022 онд “Teach For Mongolia” төрийн бус байгууллагын хөтөлбөрт хамрагдаж, тухайн оныхоо 9-р сард дорнод аймгийн баян-уул сумд түүх, нийгмийн ухааны багшаар ажиллаж эхэлжээ.

Т.Пүрэвсүрэн нь 2 жилийн хугацаанд багшлах гэрээтэй бөгөөд энэ хичээлийн жил дуусах үед тэр ч мөн багшийн ажлаа орхиж Улаанбаатар хотод ирэх юм байна. Гэсэн ч анх тээж очсон зорилго нь биелэлт өндөр баяртай байгаагаа хэлж байлаа.

Teach For Mongolia хөтөлбөр нь энэ мэтчилэн бакалаврын боловсролтой л бол мэргэжил харгалзахгүйгээр залуу боловсон хүчнийг бэлтгэж орон нутаг тэр дундаа алслагдсан сумдын ерөнхий боловсролын сургууль руу багшаар илгээдэг байна. Өнөөдрийн байдлаар тус хөтөлбөр 2 удаа элсэлт авсан бөгөөд нийт 22 багш 8 аймгийн 12 суманд багшилж, нийт 5200 хүүхдэд шууд нөлөөлөл үзүүлж байгаа юм байна.

Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ буюу PISA-2022 судалгаагаар манай улсын багшлах боловсон хүчний дутагдал 38,3 хувьтай байна. Харин Бүгд Найрамдах Солонгос улс 50,9 хувьтай гарчээ. Тиймээс энэ нь зөвхөн манай улсын бус дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод байгаа учраас олон улсын Teach For All холбооны албан ёсны гишүүн байгууллага болон 2022 оноос илгээлтийн багш хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлжээ.

БШУЯ, Азийн Хөгжлийн банкнаас хамтран гаргасан “Боловсролын салбарын дунд хугацааны төлөвлөгөө”-нд дурдсанаар манай улсад 2030 он гэхэд 32 мянган багш нэмэлтээр шаардлагатай байна. Харин Teach For Mongolia нь 2030 он гэхэд 200 гаруй багш бэлтгэн орон нутагт ажиллуулахаар зорьжээ. Тиймээс 3 дахь удаагийн элсэлтийн бүртгэлээ энэ 4-р сарын 15 хүртэл зарласан байна. Бакалаврын боловсролтой, багшаар сонирхолтой л бол мэргэжил харгалзахгүйгээр бэлтгэж, орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд ажиллуулах юм байна.