Хэт халалтын уршгаар Колумбын нийслэл Богота хотын усан сангийн нөөц татарсан байна
Андын нурууны хуурай уур амьсгалтай, халуун орон Колумбыг Эль-Нино хэмээх байгалийн гамшигт үзэгдэл дайран өнгөрсний улмаас сүүлийн хэдэн арван жил тохиолдоогүй ган гачиг нүүрлээд байна. Хэт халалтын уршгаар Колумбын нийслэл Богота хотын усан сангийн нөөц татарсан байгаа энэ хүнд үеийг даван туулахын тулд оршин суугчид цагийн хуваарийн дагуу тогтоож өгсөн норм хэмжээгээр ундны усаа хэрэглэж эхлэхээр болжээ.

Ундны усны хязгаарлалтад Колумбын нийслэл Богота хотын 9 сая орчим оршин суугчид хамаарах бөгөөд энэ хугацаанд усны төлбөрийг нэмэгдүүлж, усан сангийн нөөцийг хиймлээр дүүргэх ажлыг зохион байгуулахаа хотын захиргаанаас мэдэгдсэн байна. Эль-Нино гамшигт үзэгдэл Номхон далайд хэд хэдэн жилийн давтамжтайгаар ажиглагддаг бөгөөд энэ үеэр хур бороо татарч, агаарын температур огцом нэмэгддэг байна. Өнгөрсөн 2023 онд Эль-Ниногийн уршгаар андын орнуудад агаарын температур өсөн нэмэгдэж, ой хээрийн түймэр гарч, цэвэр усны нөөцийн асуудал хурцаар тавигдах болсон юм.

Колумбын нийслэл Богота хотын усны хэрэгцээний 70 орчим хувийг хангадаг “Чингаза” ундны усны нөөцийн байгууламжийн сав ердөө 17 хувийн дүүргэлттэй байгаа  нь сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүрснийг илтгэж байна. Үүнтэй холбогдуулан Богота хотын захирагч галан “Одоо бид усны дусал бүрийг хэмнэх шаардлагатай байна, хүнд хэцүү цаг үеийг хурдан хугацаанд даван туулж, ундны усны нөөцөө шуурхай бүрдүүлэх ёстой” хэмээн мэдэгдсэн байна.

Богота болон Мексикийн нийслэл Мехико гээд бүс нутгийн хотуудын 20 гаруй сая оршин суугч жил бүр ундны усны хомсдолд нэрвэгдэх эрсдэлтэй нүүр тулж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн уршгаар хур тунадас бага орж байгаагаас гадна хүн амын нягтшил, даац хэмжээ хэтэрснээр Колумбын нийслэл хотын усны нөөц шавхагдсаар байна гэж цаг уур судлаачид хэлж байна. 

Колумбын нийслэл Богота хотод ундны усыг ирэх пүрэв гаргаас тодорхойгүй хугацаагаар хязгаарлах бөгөөд 10 хоногийн дараа дахин зөвлөлдсөнөөр дараагийн авах арга хэмжээний талаар танилцуулна гэж холбогдох албанаас мэдээлжээ. Колумбын ерөнхийлөгч Густаво Петро ирэх 30 жилийн хугацаанд цэвэр усны нөөцөө хамгаалах, ай сав газруудыг арвижуулах төлөвлөгөө боловсруулж байгаа талаар мэдэгдсэн байна.