Ираны тал олон зуун дрон болон пуужингийн хавсарсан цохилтыг Израилын газар нутагт өгч эхэлсэн тухай Өрнөдийн хэвлэлүүд мэдээлсэн юм
Орон нутгийн цагаар өнгөрсөн Бямба гаргийн шөнөөс эхлэн Ираны тал олон зуун дрон болон пуужингийн хавсарсан цохилтыг Израилын газар нутагт өгч эхэлсэн тухай Өрнөдийн хэвлэлүүд мэдээлсэн юм. Тэгвэл Израил болон тус улсын өрнөдийн холбоотнууд хамтран Ираны дрон болон пуужингийн цохилтыг зорилтот байгаа онохоос өмнө агаарт нь амдуулан устгаж, бараг хохирол амсалгүйгээр агаарын довтолгоог няцааж чадсан талаар Ням гарагт мэдээлсэн байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ираны талаас 300 орчим дрон болон пуужингаар Израилын газар нутаг агаарын цохилт өгөх гэж оролдсон тухай албаны эх сурвалжууд ярьсан байна. Гэхдээ Израил болон Өрнөдийнхөн хамтран тэдгээр пуужин болон дроны дийлэнхийг Сири улсын өмнөд хэсгийн Дераа муж, Голаны өндөрлөг болон Сирийн зүүн хэсэгт Ирактай хиллэдэг хэд хэдэн бүс нутагт зорчих үед нь отож байгаад агаарт амдуулан устгасан нь дүрс бичлэгээр нотлогдлоо. АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах систем нь Йордан улсын хилийн зурвас байршиж байгаа төдийгүй Сирийн зүүн хойд хэсгийн бүс нутагт тус улсын зэвсэгт хүчин агаарын орон зайн аюулгүй байдлыг сахин хамгаалж байгаа юм.  Албаны эх сурвалжийн баталгаажуулснаар АНУ-ын агаарын довтолгооны эсрэг ажиллагааны цар хүрээ болон хариу арга хэмжээг тодорхойлохдоо тагнуулын мэдээлэлд үндэслэн “өндөр бэлтгэлтэй” байсан тул ноцтой хохирол огт амсаагүй гэдгийг онцолжээ.

Энэ сарын 1-ний өдөр Израилын зэвсэгт хүчин Сирийн нийслэл Дамаск хот дахь Ираны Элчин сайдын яамны байр руу агаарын цохилт өгч, хувьсгалт гвардын хоёр командлагч амиа алдсан юм. Харин Ираны эрх баригчид хоёр командлагчийг нь хөнөөсөн агаарын цохилтын эсрэг хүчтэй хариу арга хэмжээ авч, зохих ёсны шийтгэлийг амсуулах амлалтыг өгч, өнгөрсөн Бямба гарагт өшөө авах тэмцлээ эхлүүлсэн гэж шинжээчид үзэж байна.

Иран улс дотооддоо үйлдвэрлэсэн "Пантсир" агаарын довтолгооноос хамгаалах системийг Сири улсын хэд хэдэн бүс нутагт байршуулдаг боловч энэ сарын 1-ний өдөр Израилын цохилтыг няцааж чадалгүй томоохон хохирол амссан байна. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Израилын Iron Dome систем Ираны агаарын довтолгоог хэрхэн үр дүнтэй хориглож, устгаж байгааг нотлох дүрс бичлэгүүд цахим орчинд нийтлэгдэж, олон сая хүн тус зэвсгийн чадавхыг магтан сайшаасан байна.

Ираны талын харвасан пуужингийн цөөн хэд нь Израилын агаарын орон зайд нэвтэрсэн бөгөөд агаарт угтуулан устгасан пуужингийн үлдэгдэл сэг зэм газардах үеэр Израилын зэвсэгт хүчний нэг алба хаагч шархадсан гэж эх сурвалжууд мэдээллээ.

Ням гарагт Ираны зэвсэгт хүчний ерөнхий командлагч хошууч Генералл Мохаммад Багери агаарын довтолгоо нь хязгаарлагдмал хүрээнд сануулга өгөх зорилготой байсан төдийгүй хариу арга хэмжээ үүгээр дуусгавар болсныг хэлсэн байна. Мөн Тегеран агаарын цохилт өгөхөөсөө 72 цагийн өмнө ану-ын Засгийн газарт өөрийгөө хамгаалах хариу арга хэмжээ явуулах гэж байгаа тухайгаа мэдэгдсэн гэдгээ онцолжээ. Харин Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант сөргөлдөөн намжаагүй төдийгүй Ираны агаарын цохилтод зохих ёсны хариа авна гэдгээ анхааруулжээ.