Чанаргүй, хямд эмийг даатгалд оруулж үнэтэй болгоод, ашиг олох тохиолдол ажиглагдаж байна гэж иргэд хэлсэн байна
УИХ-ын эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол өнөөдөр эхэллээ. Эхний өдрийн сонсголоор Монгол улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудлууд, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал зэрэг сэдвүүдээр нотлох баримтыг шинжлэн судалсан байна.

Монгол улсад нийт бүртгэлтэй эмийн 21 хувийг үндэсний үйлдвэр, 79 хувийг импортоор нийлүүлдэг байна. Монгол улсын эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд зааснаар зайлшгүй шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийн жагсаалтад 2023 онд гэхэд 520 эм, хүүхдэд шаардлагатай 246 нэр төрлийн эмийг багтаасан байна. Тэгвэл байнгын эм хэрэглэх заалттай өвчтөнүүдийн зүгээс хэлэхдээ хөнгөлөлттэй жагсаалтад орсон эмийг удаан хугацаанд хэрэглэсэн ч үр дүнд хүрдэггүй,биеийн байдал нь улам муудаж байгаа гэдгийг онцолж  байна. Тодруулбал иргэн Баяртогтох элэгний вирусийн эсрэг хэрэглэдэг vicure (entecavir) эмийг эмийн сангуудаар 15 мянган төгрөгөөр худалдан авч хэрэглэдэг байжээ. Харин энэ оноос эхлэн тус эм нь эрүүл мэндийн  даатгалд орох хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсноор 45 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдах болжээ. Үүнээс үзэхэд чанаргүй, хямд эмийг даатгалд оруулж үнэтэй болгоод ашиг олох тохиолдол ажиглагдаж байгааг тэрээр хэлж байсан юм.

2018 онд манай улс 232 тэрбум төгрөгийн эм импортолж байсан бол 2023 онд 468 тэрбум төгрөг болж өсжээ. Эдгээр эмийн үнэ 2020-2021 онд дэлхийн зах зээлийн үнээс даруй 2 дахин тогтмол өсөлттэй байгаа юм. Үүнээс харахад монгол улсад эмийн бодлого алдагдчихсан нь нотлогдож байгаа мөн уналт таталтын хөнгөлөлттэй эмийн жагсаалтад тураах эм багтааснаас харж болно гэдгийг түр хорооны гишүүд хэлж байна.

Сонсголд нийт 11 хянан шалгагч, шинжээч ажиллах бөгөөд тэдний тайлан дүгнэлтэд гурван өдөрт давхардсан тоогоор нийт 150 орчим гэрчийг дуудаж хариулт, тайлбар, мэдүүлэг авах юм. Өнөөдөр хэлэлцэх асуудалтай холбогдуулан Эрүүл Мэндийн сайд асан Д.Сарангэрэл гэрчээр оролцох байсан ч гадаадад томилолттой ажиллаж байгаа гэх шалтгаанаар оролцоогүй юм.