Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг ерөнхийлөгчийн тамгын газраас өргөн мэдүүллээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд цэргийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амиа алдсан тохиолдолд ялгамжтай байдлаар нөхөн төлбөр олгохоор зохицуулагдаж байгаа юм. Тиймээс тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулж  алба хаагчдын ар гэр, нийгмийн хамгааллыг  сайжруулах бодитой дэмжлэг олгох нэмэлт зохицуулалтуудыг тусгасан гэдгийг хууль санаачлагчид онцолжээ.

Сүүлийн 5 сарын хугацаанд онцгой байдлын албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан 5 удаагийн тохиолдол гарсан. Алба хаагчдын гэр бүлд орон сууц, мөнгөн хэлбэрийн тусламж дэмжлэгүүдийг улсаас үзүүлдэг. Гэсэн хэдий ч иргэд олон нийтийн зүгээс амиа алдсан хойно нь тусламж дэмжлэг үзүүлэхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлэх ажиллах орчин нөхцөл техник тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэхэд анхаарах  шаардлагатайг шүүмжилдэг.  Хэдийгээр энэ онд  онцгой байдлын албанд хуваарилагдах  төсөв нэмэгдсэн ч цалин урсгал зардал зэрэгт зарцуулагдаж байна.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд алба хаагчдад ялгаатай байдлаар тэтгэвэр тэтгэмж олгож байгаа юм. Иймд тус хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулснаар цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаа, тэдгээрийн гэр бүлд шаардлагатай нийгэм хамгааллыг сайжруулах, бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Тодруулбал цэргийн алба хаагч байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, зэрэг хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдолд цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 м.кв-аас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгох, орон сууцны өртөг нь хөдөлмөрийн доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу өнөөгийн ханшаар 330 сая төгрөг байна. Мөн хамгийн бага насны хүүхдийг нь 18 нас хүртэл хугацаанд тухайн цэргийн алба хаагчийн сарын үндсэн цалинг нь 100 хувь олгодог байх зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Харин энэхүү хууль батлагдвал 5 сарын хугацаанд амиа алдсан алба хаагчдын хэрэгт үйлчлэх боломжгүй гэдгийг хуулийн төсөл боловсруулагчид хэлсэн юм.