Энэ оны эхний 3 сард манай улсад 116 мянган жуулчин ирсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ

Өнөөдрөөс улсын хэмжээнд аялал жуулчлалын долоо хоног эхэлж байна. БОАЖЯ, Аялал Жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээний өдрүүдэд аялал жуулчлалын бүхий  л байгууллага, хувь хүмүүс нэг дор чуулж салбарын ирээдүй, цаашдын бодлогыг тодорхойлж, энэ зун ирэх жуулчдыг угтан авах бэлтгэл хангах юм байна. Учир нь энэ онд манай улсыг зорих жуулчдын улам нэмэгдэх хүлээлттэй байна.

  • 2023 онд манай улсад нийт 650 мянга гаруй жуулчин ирж, 1.3 тэрбум ам.долларын орлогыг төсөвт төвлөрүүлсэн нь түүхэнд байгаагүй амжилт болсон.
  • Харин энэ онд 1 сая жуулчин хүлээн авч, нийт 2 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэх зорилт тавьж байна.
  • Тэгвэл 2024 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу ердөө 3 сар гарангын хугацаанд нийт 116 мянган жуулчин ирсэн нь мөн л түүхэнд байгаагүй дээд үзүүлэлт болж байна. Тиймээс энэ онд 1 саяас ч илүү тооны жуулчин ирж магадгүй гэх хүлээлт байгаа юм.
  • Ийнхүү манай улсад ирэх жуулчдын тоог 2019 оны үзүүлэлттэй харьцуулахад даруй 13 хувиар нэмэгдүүлсэн байгаа нь чамлалтгүй амжилт бөгөөд энэ үзүүлэлтээрээ  монгол улс зорин ирэх жуулчдын тоо  нь өсөн нэмэгдэж байгаа дэлхийн топ 20 орны нэг болжээ.

Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж хилийн чанадад “Welcome To Mongolia” арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үр дүнд нь 2023 онд манай улсад түүхэнд байгаагүй олон тооны жуулчин ирсэн юм. Харин энэ онд “Go Mongolia” гэсэн үндэсний брэнд түлхүүр үгийг ашиглан илүү өргөн хүрээнд бодлогын ажлыг эрчимжүүлж, нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьжээ. Тэгвэл ердөө эхний гурван сар, тэр дундаа өвлийн улиралд 116 мянган жуулчин манай улсад ирсэн байна. Харин урин дулааны улиралд жуулчны хөл илүү нэмэгддэг учир бэлтгэл ажлыг хангахын тулд нэн тэргүүнд хөрөнгө оруулалт чухал байна.

Судалгаагаар 1983-2000 оны хооронд төрсөн дэлхийн 283 сая иргэн өдөр тутам цахим платформ ашиглаж, аялал жуулчлалын мэдээ хүлээн авдаг төдийгүй гэнэтийн шийдвэрээр буюу хэзээ ч, хаашаа ч аялахад бэлэн байдаг байна. Тиймээс манай улс гадаадын жуулчдыг татахдаа цахим орчинд нөлөө бүхий олон улсын инфлүүнсерүүдтэй хамтарсан хөтөлбөрүүдийг 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь ч нэлээдгүй үр дүнтэй байгаа бөгөөд зөвхөн Nas Summit-ийн үүсгэн байгуулагч Нусейр Яссины Монголын тухай бэлтгэсэн контентууд л гэхэд цахим орчинд 70 сая орчим үзэлттэй байна. Тэгвэл жуулчдад ирэх сэдлийг төрүүлэхээр сонирхолтой аяллын хөтөлбөрүүдийг зарлаж эхэлсэн байна.

Харин ирсэн жуулчдын аюулгүй байдал тав тухыг хангах зорилгоор төлөвлөгөөт ажлуудыг орон нутагтай хамтран хэрэгжүүлж эхэлжээ. Манай улсад ирсэн жуулчдын сэтгэл ханамжийн судалгаанаас харахад 89 хувь нь байгалийн үзэсгэлэнд хамгийн өндөр үнэлгээг бол дэд бүтэц, ариун цэврийн байгууламжид сэтгэл ханамжгүй байгаагаа тэмдэглэжээ.

Аялал жуулчлал бол аливаа улс орны хувьд жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх хамгийн таатай хувилбар гэдгийг судлаачид хэлдэг. Өөрөөр хэлбэл, бага зардлаар их хэмжээний валютын урсгалыг эх орондоо татан төвлөрүүлэх боломжтой юм байна. Монгол банкнаас гаргасан судалгаагаар манай улсад ирсэн нэг жуулчнаас 1964 ам.доллар буюу ойролцоогоор 6 сая 700 мянга орчим төгрөг улсад үлддэг. Ингэхдээ шууд аан, байгууллага, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд шууд орлого болдгоороо илүү онцлогтой юм.