Дэлгэцийн хамаарлын асуудлаар СЭМҮТ-д хандах хүүхдийн тоо жил бүр өссөөр байна
Дэлгэцийн хамаарлын асуудлаар СЭМҮТ-д хандах хүүхдийн тоо жил бүр өссөөр байна. Хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болсноор сэтгэн бодох, анхаарал төвлөрөх чадварууд алдагдаад зогсохгүй нийгэмшихгүй ганцаардмал нэгэн болж өсөж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Бид компьютер, ухаалаг утас зэрэг хүний амьдралын салшгүй хэрэглээ болчихсон нийгэм, цаг үед амьдарч байгаа. Энэ ч утгаараа дэлгэцийн хамааралтай хүүхдүүд олширсоор байна. Эцэг эхээсээ утас гуйж уйлах уурлах, ухаалаг утас оролдоогүй бусад үедээ хүнтэй ярилцахгүй байх зэргээр хүүхдүүд интернэт орчинд өөрсдийгөө цоожилсоор байна.

Хүүхэд тань утас гуйж уйлдаг энэ тохиолдолд яах вэ? Нэгдүгээрт, эцэг, эхчүүд хүүхдээ дугуйлан, секцэд хамруулж идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй юм. Харин багш, сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс ухаалаг утсыг хичээлийн цагаар оролдуулахгүй байх зэрэг арга хэмжээг авч болох юм байна. Үүнээс гадна хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэргийг барьж байгуулах нь дэлгэцийн донтолтоос сэргийлэх хамгийн чухал арга зам байна.

Хэрвээ таны хүүхэд дэлгэцийн донтолтын хүнд хэлбэрт орсон СЭМҮТ болон бусад мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй. Дэлгэцийн донтолтоос болж нойргүйдэж ядарсан, уур уцаартай болсон гээд хүнд хэлбэрийн донтолттой хүүхдүүд СЭМҮТ-д хандах нь сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Мөн эцэг эхчүүд энэ талаарх зөвлөгөө мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагад нь хандан авах боломжтой юм.

Дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэлд авах хамгийн чухал арга хэмжээ бол урьдчилан сэргийлэлт юм. Тиймээс нэн түрүүнд хүүхдийн дэлгэцийн хамаарлыг багасгахын тулд эцэг эхчүүд өөрсдөө хэвийн хэрэглээг төлөвшүүлж дадал болгох хэрэгтэй. Үүний дараа гэр бүлийн орчинд хүүхдийн дэлгэцийн хэрэглээг зохистой болгож чадах юм