НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Палестин улсыг тус хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүнээр элсэх хүсэлтийг 13 жилийн дараа дахин хэлэлцэж эхэллээ. 2011 оны 9-р сард Палестины засаг захиргаа хүсэлтээ илгээж байсан ч Израилд тууштай дэмжлэг үзүүлдэг АНУ эсэргүүцсэний улмаас яриа хэлэлцээ мухардалд орж байсан юм. Харин дараагаар нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бусад гишүүн орнууд асуудлыг хөндөлгүй орхисоор өдийг хүрсэн байна.
Одоогоор Палестин улс НҮБ-ын гишүүн бус, ажиглагчийн статустай байгаа бөгөөд тэд энэ сарын 2-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон бусад улс орнуудад гишүүнчлэлийн хэлэлцээг сэргээхийг хүссэн захидал илгээжээ. Тиймээс энэ сард НҮБ-ын аюулгүйн зөвлөлийг даргалж байгаа Мальта улсын элчин сайд Ванесса Фрейзер өнгөрсөн Даваа гарагт хаалттай хуралдсаны дараа Палестины гишүүнчлэлийн хэлэлцээг удахгүй эхлүүлэхээр болсныг уламжилжээ.
НҮБ-д суугаа АНУ-ын элчин сайд Линда Томас-Гринфилд Вашингтоны байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр байгааг хариу мэдэгдсэн байна. Палестин улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэхийн тулд аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн хориг тавихаас татгалзаж, багадаа байнгын бус есөн гишүүн улс дэмжлэг үзүүлэх ёстой юм. Мөн аюулгүйн зөвлөл дэмжлэг үзүүлсэн тохиолдолд НҮБ-ын Ерөнхий ассамблейн санал хурааж, гишүүдийн 60-аас дээш хувь нь шийдвэрийг баталгаажуулснаар албан ёсоор гишүүнээр элсэх тогтсон журамтай ажээ.
Тэгвэл Палестины гишүүнчлэлийн асуудал нь АНУ болон Арабын орнуудын хоорондын санал зөрөлдөөнийг улам гүнзгийрүүлэх төлөвтэй байна. Өнгөрсөн Мягмар гарагт АНУ-ын Засгийн газрын нэрээ нууцалсан албаны эх сурвалж Палестин газар нутгийн маргаанаа шийдвэрлэхийн тулд Израилын эрх баригчидтай илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж, гэрээ хэлэлцээр байгуулахгүй бол Вашингтон тэдний хүсэлтийг түдгэлзүүлнэ хэмээн хэвлэлд ярьжээ.