Өнгөрсөн мягмар гарагт Гүрж улсын парламентын танхимын гадна талбайд олон мянган иргэн цугларч, гадаадын хуулийн этгээд, төлөөлөгчийн тухай хуулийн төслийг эргэн сэргээхээр болсон Засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэн жагсжээ. Саяхан Гүржийн Засгийн газар гадаад улс орноос санхүүждэг төрийн бус байгууллага болон хүмүүнлэгийн бүлгүүдийг “Гадаадын хуулийн этгээд, төлөөлөгчөөр” бүртгэхээ мэдэгдсэн юм.
Гүрж улсын парламентын танхимын гадна олон мянган хүн цугларч, ОХУ-ын эрх баригчдын иргэний нийгэм, хөндлөнгийн хяналтыг нухчин дарах гадаадын төлөөлөгчийн тухай хуультай ижил зохицуулалтыг сэргээх Засгийн газрынхаа төлөвлөгөөг эрс буруутгаж байгаа гэдгээ илэрхийлж, жагссан байна. Тус улсын Засгийн эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам өнгөрсөн жил болсон эсэргүүцлийн жагсаалын дараа эгүүлэн татсан хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт ахин сэргээхээр төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.
Энэхүү хууль тогтоомжид санхүүжилтийнхээ 20-оос дээш хувийг гадаадаас авдаг байгууллагуудыг "Гадаадын хуулийн этгээд, ашиг сонирхлыг төлөөлж байна” гэж тусгасан байдаг. Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дэмжлэг үзүүлж, одоо дагаж мөрдөж байгаа хуулийн зүйл заалттай ижил үг хэллэг ашигласан байгаа юм.
Тэгвэл Мягмар гарагт жагсагчид "Оросын санаачилсан хуулийг" эсэргүүцэж байна хэмээх уриа лоозонг гартаа барин, нийслэл Тбилиси хотын төвөөр алхсан байна. 2008 онд ОХУ-ын зэвсэгт хүчин Гүрж улс руу халдан довтолж Абхаз, Өмнөд Осетийн бүс нутгийг салан тусгаарлаж, статус олгосон нь Гүрж улсын иргэдийн дургүйцлийг дээд цэгт хүргэж байсан юм.
Харин Гүржийн мөрөөдөл намын зүгээс ОХУ-д хэрэгжиж байгаа хуулийн зохицуулалттай, тэдний эргэн сэргээх гэж байгаа хуулийн төслийг харьцуулах боломжгүй бөгөөд хамгийн чухал нь гадаадын нөлөөлөлтэй тэмцэх шаардлагатай гэдгийг онцолжээ.
Энэхүү жагсаал нь Гүржийн бүх нийтийн амралтын өдөртэй давхцаж, жагсагчид 1989 онд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж зөвлөлтийн армийн гарт амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэсэн бөгөөд орчин үед оросын нөлөөлөл цэргийн хүчээр болон улс төрийн нөлөөллөөр дамжин тэднийг хүчирхийлж байгааг хэвлэлд ярьсан байна.