Экспортыг нэмэгдүүлэхэд бичил бизнес эрхлэгчдийг кластераар хөгжүүлэх, тэднийг холбож өгөх нь чухал

Манай улс ноос ноолуур, зөгийн бал, мах махан бүтээгдэхүүнээ экспортлох бүрэн боломж, нөөц байгаа ч асуудал бэрхшээлүүд тулгарсаар байна. Тухайлбал, ААН, байгууллагууд экспорт хийхэд хүлээн авах улс орны зах зээлийн мэдээлэл хангалтгүй байгаа юм. Тэгвэл эдгээрийг шийдвэрлэхийн тулд олон улсын худалдааны платформ ашиглах, бичил бизнесийг кластераар хөгжүүлэх зэрэгт анхаарах шаардлагатай гэж үзэж байна.

Экспортыг нэмэгдүүлэхийн тулд олон улсын зах зээлийн судалгаа, мэдээлэл хэрэгтэй. Тэгвэл олон улсад энэ асуудлыг нэгдсэн худалдааны платформоор шийддэг байна. Дэлхийн 220 улс бараа, бүтээгдэхүүнээ бусад улс оронд зарж борлуулахдаа “International trade centre” гэсэн платформыг ашигладаг байна. Энэхүү платформоор дамжуулан экспортлох гэж байгаа бүтээгдэхүүн нь тухайн улсад ямар үнээр зарж борлуулагддаг мөн хэрэгчдийн тоон судалгаа зэргийг харж болох юм байна.

Мөн экспортыг нэмэгдүүлэх хүрээнд бичил бизнес эрхлэгчдийг ч дэмжих хэрэгтэй байна. Жишээлбэл, зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар балаа экспортод гаргахын тулд олноор нийлж зөгийн балыг их хэмжээгээр хуримтлуулсны дараа экспортлох нь илүү ашигтай байдаг юм байна. Тиймээс бичил бизнес эрхлэгчдийг кластераар хөгжүүлэх, тэднийг холбож өгөх мөн зээлийн хугацааг илүү урт хугацаатай болгох нь бүтээгдэхүүнээ экспортод гаргахад дэмжлэг болно гэсэн юм.

Түүнчлэн манай улсаас экспортлох боломжтой бараа, бүтээгдэхүүний зар сурталчилгаа ихээхэн чухал. Тиймээс бусад улс орнуудад худалдааны төлөөлөгч байгууллагуудыг байгуулах шаардлагатай гэдгийг экспортлогч байгууллагуудын зүгээс тайлбарлаж байсан юм.

Ийнхүү бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд олон жил ярьсаар ирсэн эдгээр асуудлыг дэмжиж, шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм. Мөн нөгөө талаас экспортлогч аан, байгууллагууд ч бусад улс орны зах зээлийн талаарх мэдээлэлтэй байх, худалдаагаа илүү хөнгөвчлөх, зардал багатайгаар худалдан борлуулах боломжийг эрэлхийлэх нь чухал юм.