Газын дэлбэрэлтэд өртсөн “Эдү апарт” хотхоны 200 гаруй оршин суугч түрээсийн байраар хоног төөрүүлсээр байна

Өнгөрсөн 1-р сард Дүнжингаравын уулзвар дахь газын дэлбэрэлтээс хохирсон “Эдү апарт” хотхоны оршин суугчид мэдээлэл хийлээ. Тэд сүүлийн 4 сар орчмын хугацаанд түрээсийн байраар явж байгаа, одоог хүртэл тэдний асуудлыг шийдвэрлээгүй, галын дүгнэлтийг ч нэгдсэн байдлаар гаргаж үнэлгээ хийхгүй удаж байна гэж гомдоллож байна. Тиймээс тус хотхоны үнэлгээг яаралтай хийн, цаашдын авах арга хэмжээг тодорхой болгож, иргэдийн хохирлыг барагдуулах шаардлагатай байна гэж мэдэгджээ.

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтээс үүдэж “Эдү апарт” хотхоны 200 гаруй оршин суугчид хохирсон байдаг. Тус байрны оршин суугчид өнөөг хүртэл түрээсийн байраар хоног төөрүүлэн явж байгаа. Тэд ийнхүү эд хөрөнгийн хохирол амссанаас гадна сэтгэл санааны ч ихээхэн хохиролд өртөөд байгаа юм. Тухайлбал, бага насны хүүхэд чанга чимээнээс цочиж айх, уйлах зэргээр шинж тэмдэг илэрсээр байгааг эцэг эхчүүдийн зүгээс хэлж байна.

Мөн “Эдү апарт” хотхоны байрнуудад гал гарч байх үед дотроос нь галыг унтраах бүрэн боломжтой байсан гэж оршин суугчдын зүгээс үзэж байна. Учир нь тус байрын давхар бүрт галын гидрант байсан. Гэтэл гал гарч байх үед галын гидрант нь ажиллаагүй байна. Мөн гал гарахаас өмнө удаа дараа тус байрны оршин суугчид галын гидрантыг ажиллуулах талаар олон удаа шаардлага тавьж байжээ. Үүнээс гадна гал гарч байх үед галын дохиолол ч дуугараагүй байна.

Тэгвэл тус асуудалтай холбоотойгоор албаныхан хяналт шалгалтыг хийж байгаа. Одоогоор галд өртсөн “Эдү апарт” хотхон нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлтийг урьдчилсан байдлаар гаргаад байгаа юм байна. Энэхүү дүгнэлтийг холбогдох албаныханд удахгүй хүргүүлнэ гэж БХБЯ-аас мэдээлж байна.

Оршин суугчдын зүгээс галд шатсан байрыг хүчитгэж эргэн засварлах боломжтой бол хурдан хугацаанд засах эсвэл нураагаад шинэ байр барих боломжтой эсэхэд хариу өгөхийг шаардаж байсан юм.

Одоогийн нөхцөл байдалд галд өртсөн “Эдү апарт” хотхоны байрыг хүчитгэн сайжруулах боломжгүй бол тус байрыг хэзээ нураах вэ, нураасан тохиолдолд шинэ байр барих уу энэ нь мөн хэзээ ашиглалтад орох вэ, энэ хугацаанд хохирсон иргэд хаана амьдрах вэ гээд олон асуудал үүсээд байгаа юм.