32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж байна

Явган хүний зам өвөлдөө халтиргаатай, зундаа ус тогтдог зэрэг нь Улаанбаатар хотод явган зорчиход хүндрэлтэй байдал бий болгодог. Иймд явган хүний замыг сайжруулж иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх, эдэлгээ чанар, насжилтыг уртасгахын тулд дотоодын байгалийн боржин чулуугаар хийхээр төлөвлөжээ. Уг ажилд энэ жил 35.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд тусгасан урсгал зардалд явган хүний замыг стандартад нийцүүлэн шинэчлэх ажлын төсвийг тусгасан. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хот 2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хотын голлох гудамж, явган хүний зам, талбайг стандартад нийцсэн байгалийн боржин чулуугаар тохижуулахаар төлөвлөж, нийт 45.6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Үүнээс энэ онд 35.6 тэрбум төгрөгийг зарцуулах бол үлдсэн 10 тэрбум төгрөгийг он дамжуулах буюу 2025 онд гаргахаар болсон байна.

Өмнө нь өнгөт импортын хавтангаар явган хүний зам хийхэд эвдрэл ихтэй, насжилт богино байдаг байсан учраас энэ удаад дотоодын компаниудын байгалийн боржин чулууг хэрэглэхээр төлөвлөжээ. Тэгвэл эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх нийт 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж эхэлсэн байна. Тус ажил 2023 оны 12-р сараас эхэлсэн ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж удааширч одоог хүртэл ажил үргэлжилж байна.

Иргэдийн зүгээс өмнөх чулуу нь өвөлдөө халтиргаа ихтэй, зундаа бороо ороход шавар шавхай ихээр тогтдог байсан бол одоо шинэчилж байгаа чулуу нь явахад тэгш гадаргуутай алхахад тухтай байгааг хэлж байна.

Ийнхүү Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу болон Бага тойруугийн гудамж, Олимпын гудамжнаас Их монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай орчмыг хамарсан явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн байгалийн чулуун хийцлэлтэй болгох ажлыг эхлүүлж Нийслэлийн захирагчийн ажлын албанаас зураг төслийг 4-р сардаа багтаан гаргаж бүтээн байгуулалтыг хийх аж ахуйн нэгжийг шалгаруулах нээлттэй тендер зарлах юм.