Газын зурваст хяналтаа тогтоосон “Хамас” зэвсэгт байгууллагын удирдагчийн 3 хүү Израилын агаарын цохилтод амь үрэгджээ

Өнгөрсөн лхагва гарагт Газын зурвасын бүс нутгийг эрхшээдэг Хамас зэвсэгт байгууллагын удирдагч Исмаил Ханиегийн гурван хүү Израилын армийн агаарын цохилтод өртөж алагдсан байна. Уг үйл явдал нь дайсагнагч талуудын хооронд гал зогсоох, барьцааны хүмүүсээ солилцох зорилгоор үргэлжилж байгаа яриа хэлэлцээг мухардалд оруулж болзошгүй байна.

Израилын Батлан хамгаалах яамнаас Газын зурвас руу агаарын цохилт өгснөө лхагва гарагт баталсан бөгөөд амь үрэгдсэн гурван хүнийг "Газын зурвасын төв хэсэгт террорист ажиллагаа явуулсан Хамас бүлэглэлийн гурван цэргийн алба хаагч" гэж тодорхойлсон байна. Мөн Израилын Үндэсний аюулгүй байдлын албанаас амь үрэгдэгсэд нь Хамас зэвсэгт байгууллагын цэргийн жигүүрийн командлагч Амир Хание, Хамас бүлэглэлийн цэргийн ажилтан Мохаммад Хание, Хазем Хание нар байсан гэж мэдээлжээ. Газын зурвасын баруун хойд хэсэгт орших Аль Шати дүрвэгсдийн хуаранд тэдгээр командлагчид тээврийн хэрэгслээр зорчих үедээ агаарын цохилтод өртөж амь үрэгдсэн хэмээн Хамас-ын  удирдагч Исмаил Хание Аль Жазира агентлагт ярьсан байна.

Газын зурвас дахь исламын шашинтнууд Аль-Фитр буюу Ариун Рамадан сараа үдэх ёслолын ажиллагаанд бэлтгэж байх үед Израилын талаас агаарын цохилт өгчээ. Хамас-ын удирдагч Хание “Хөвгүүдийг маань хөнөөсөн цуст аллага биднийг зарчимдаа илүү тууштай байж, газар нутгаа хамгаалах ёстойг эргэн санууллаа” хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрбээр үнэ цэнтэй бүхнээ золиосолж болох ч бууж өгөхгүй, ялагдал тэдний  сонголт нь биш гэдгийг анхааруулсан байна.

Гэхдээ тэрбээр Израилын шоронд хоригдож байгаа Палестинчуудыг суллаж хариуд нь өөрсдийн барьцаанаас Израилын иргэдийг чөлөөлөх яриа хэлэлцээ бол тусдаа асуудал тул ялгаж салгах ёстойг хэлжээ.

Израилын арми хүмүүнлэгийн тусламжийн цувааг бүсэлж, газын зурвасыг бүхэлд нь тусгаарласны улмаас бүс нутгийн 1.5 сая оршин суугчийн тал хувь нь өлсгөлөнд нэрвэгдсэн бөгөөд одоо тэдэнд дайн мөргөлдөөн бус анхан шатны хэрэгцээ л туйлын чухал болоод байна.

Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Арабын орнууд гал зогсоох яриа хэлэлцээ эхлүүлэх шахалтыг Хамас-т үзүүлж эхэлсэн бол АНУ-ын Засгийн газар ч Израилын хууль тогтоогчдод хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх эсвэл тусламжаа зогсоох анхааруулга өгөөд байна.