БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун: Дайн мөргөлдөөнд бэлэн байх ёстой цаг үе тохиож байна

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун улс орныг нь тойрсон геополитикийн нөхцөл байдал тогтворгүй байгаа тул дайн мөргөлдөөнд урьд өмнөхөөсөө ч илүү бэлтгэлтэй байх цаг үе тохиож байгааг хэлжээ. Тэрбээр өнгөрсөн Лхагва гарагт өөрийн эцэг Ким Чен Ирийн  нэрэмжит цэрэг, улс төрийн их сургуульд зочилж, хээрийн сургуулилалтын зааварчилгаа өгсөн байна.

Сүүлийн жилүүдэд Умард Солонгос улс Ким Жон Уны удирдлага дор зэвсгийн үйлдвэрлэлээ эрчимжүүлж, Орос улстай цэрэг, улс төрийн нягт харилцаа холбоо тогтоож, стратегийн төслүүддээ Москвагаас тусламж авсныхаа хариуд зөвлөлтийн үеийн сум, их буу армидаа нийлүүлж байгаа юм.

Лхагва гарагт Ким Жон Ун Умард Солонгос улс геополитикийн сөргөлдөөнд татагдан орсон тохиолдолд дайсандаа эргэлзэлгүйгээр үхлийн цохилт өгөх чадвартай гэдгээ дахин анхааруулсан байна.

Энэ сарын эхээр Ким Жон Ун хатуу түлшээр ажилладаг, дундын зайн тусгалт дуунаас хурдан баллистик пуужингийн туршилтыг гардан явуулсан юм. Энэ нь шингэн түлшээр ажилладаг баллистик пуужингийн хувилбараас илүү үр дүнтэй, илүү хор хөнөөлтэй гэж шинжээчид үзэж байгаа юм.

2024 он гарсаар АНУ, БНСУ болон тэдний холбоотнууд хамтарсан цэргийн сургуулилалтыг илүү эрчимтэй, өргөн цар хүрээтэй явуулж байгаатай холбогдуулан БНАСАУ өдөөн хатгасан ямарваа үйлдэлд хариу өгөх бүрэн боломжтой гэдгээ удаа дараа анхааруулаад байна.