Вьетнамын шүүх 12 тэрбум ам.долларын залилан үйлдсэн үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчид цаазаар авах ял оноожээ

Вьетнамын өмнөд хэсэгт орших Хо Ши Мин хотын шүүх үл хөдлөх хөрөнгийн магнат Тонг Ми Ланыг тус улсын түүхэн дэх хамгийн том санхүүгийн залилангийн хэрэгт буруутай гэж үзэж, цаазаар авах ял оноожээ. Шүүх бүрэлдэхүүн  “Ван Тин Фат” үл хөдлөх хөрөнгийн компанийн эзэмшигч 67 настай Тонг Ми Ланыг 12.5 тэрбум ам.доллар буюу улсын ДНБ-ий бараг гурван хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгасан байна.

Тэрбээр 2012-2022 оны хооронд хувьцаа борлуулдаг биржийн үйл ажиллагаанд нөлөөлж, хуурамч компаниудаар дамжуулан хөрөнгө эргэлдүүлж ашиг олж байгаа мэтээр сурталчилж байжээ. Ингэснээр бусдын хөрөнгийг арилжаанд татан оруулж залилан үйлдсэн байна.

Мөн гэм буруутан өнгөрсөн хугацаанд төрийн албан хаагчдад авлига өгөх замаар хэргээ нуун далдалж байсан аж. Харин тус улсын хууль сахиулах байгууллагаас түүнийг 2023 оны эхээр баривчилж, хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.

Түүнийг баривчилсан нь вьетнам улсад 2022 оноос хойш эрчимжиж байгаа авлигын эсрэг тэмцлийн хамгийн ихээр олны анхаарлыг татсан хэрэг байсан юм.

“Галт зуух” хэмээн нэрийдсэн авлигын эсрэг компанит ажил нь Вьетнамын улс төрийн дээд давхаргад хүртэл нөлөөлсөн гэж шинжээчид үздэг юм. Тухайлбал тус улсын Ерөнхийлөгч асан Во Ван Туонг сонгуулийн кампанит ажилдаа хууль бусаар их хэмжээний мөнгө зарцуулсан хэрэгт холбогдсоныхоо дараа өнгөрсөн 3-р сард огцорсон юм.

Харин өчигдөр буюу Пүрэв гарагт үл хөдлөхийн магнат Ланы шүүх хурлын дүгнэлт буюу цаазаар авхуулах ялын дүгнэлт олныг цочирдуулсан байна