Ойрх дорнодын бүс нутагт хурцадмал байдал даамжирч, олон улс орон мөргөлдөөнд татагдан орох эрсдэл бодитоор нүүрлээд байна

Пүрэв гарагт Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи Сирийн Дамаск хот дахь тус улсын консулын байр руу Израилын арми пуужингийн цохилт өгч, Исламын Хувьсгалт Гвардын хоёр генералыг хөнөөсөн явдалд хатуу шийтгэл оногдуулахаа мэдэгдсэн байна. Харин Израил улсын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант Иран улс тэдний газар нутагт хариу цохилт өгөх юм бол дараа нь нөхцөл байдал хяналтаас гарах болно гэж хариу мэдэгджээ.

Энэ сарын 1-ны өдөр Сирийн нийслэл Дамаск дахь Ираны элчин сайдын яамны байр Израилын агаарын цохилтын бай болсны уршгаар Хувьсгалт Гвардын хоёр генерал амиа алдсан юм. Тэгвэл Ираны дээд удирдагч өшөө авах амлалт өгөөд зогсохгүй шийтгэл оногдуулахаа хатуу анхааруулсан байна. Ираны дээд удирдагчийн өшөө авах амлалттай холбогдуулан Орос, Герман, Их Британи улсууд Техраны эрх баригчдыг тэвчээртэй байхыг уриалжээ. Тэгвэл Израилын Засгийн газар аюулгүй байдлаа сахин хамгаалахад анхаарал хандуулан хоргодох байр бэлтгэж, томоохон хотуудын оршин суугчдад болзошгүй агаарын цохилт болон хорлон сүйтгэх ажиллагааны сэрэмжлүүлэг хүргүүлснээ мэдэгдлээ. Үүнээс гадна агаарын тээврийн компаниуд Техран хот руу үйлдэх нислэгээ тодорхойгүй хугацаагаар цуцлан, аюулгүй байдлын арга хэмжээ авч эхэлсэн байна.

Пүрэв гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Израилын агаарын цохилтыг буруутгаж, гэмт хэрэгтнүүд шударга шүүхийн өмнө буруугаа хүлээнэ гэж  мэдэгдсэн бол Ираны суурин төлөөлөгч “Түрэмгийлэгч шийтгэлээс бултаж чадахгүй” хэмээн хэлжээ.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурвас дахь мөргөлдөөний галыг хэсэгчлэн намжаасан ч агаарын цохилт өгөх тушаал буулгасаар байна. Мөн тэрбээр дотоодын аюулгүй байдалдаа анхаарал хандуулж агаарын довтолгооноос хамгаалах системээ хилийн зурваст хүргэх шийдвэр гаргажээ. Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху "Бидэнд хор хөнөөл учруулсан бүхэн шийтгэлээ хүртэх бөгөөд бидэнд довтолгооны болон хамгаалалтын бүх төрлийн зэр зэвсэг хангалттай бий “ хэмээн мэдэгдсэн байна.

Ираны өшөө авалт томоохон хохирол дагуулах төлөвтэй байгаа бөгөөд Ойрх Дорнодын мөргөлдөөнд Иран улс шууд татагдан ороход бэлэн болсныг АНУ-ын албаны эх сурвалжууд тагнуулын мэдээллээс эш татан мэдээлжээ.