Хуванцар хог хаягдлыг дахин боловсруулахын тулд иргэд хогоо ялгаж хаях шаардлагатай

Манай улс хог хаягдал дахин боловсруулах үндэсний стандарттай боллоо. Хэдийгээр стандарттай болсноор хог хаягдал дахин боловсруулалтын чанар сайжрах боломжтой болсон ч иргэд  хогоо ялгаж хаядаг, дахин боловсруулалтын талаар наад захын мэдлэгтэй байх хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Олон төрлийн хог хаягдал дундаас бүх төрлийн хуванцар нь байгальд хамгийн удаан шингэдэг, хүрээлэн буй орчин, хөрсний бохирдолд сөргөөр нөлөөлдөг. Манай улсад 20 орчим үйлдвэр хуванцар хаягдал дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тэдгээр үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн процесс дотоод журмаараа зохицуулагддаг байсан бол өнөөдрөөс эхлэн үндэсний нэг стандартаар зохицуулагдахаар болж байна. Ингэснээр дахин боловсруулах процесс байгальд ээлтэй явагдаж, эцсийн бүтээгдэхүүний чанар стандартаар баталгаажих боломжтой болох юм байна.

Тэгвэл хуванцар хог хаягдлыг дахин боловсруулахын тулд иргэд хогоо ялгаж хаях, цаашлаад дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Манай улс нийт хог хаягдлынхаа 50 хувийг дахин боловсруулах боломжтой ч одоогоор ердөө 3-5 хувийг нь дахин боловсруулж байгаа юм. Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд тэдгээр хог хаягдлаар олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадад экспортолж байна.

Дэлхийн хог хаягдлын тайланд нэг хүнд ногдох хуванцар хог хаягдал хамгийн ихээр үүсгэдэг улсуудын жагсаалтаар манай улс есдүгээрт эрэмбэлэгдсэн байна.