Дижитал шилжилт хийснээр уул уурхайн ордын нөөцийг сарын хугацаанд биш, 30 минутад тодорхойлно

Эрдэс баялгийн ордын хайгуул хийх, нөөцийг тооцох, олборлолт явуулах зэрэг нь ихээхэн цаг хугацаа шаарддаг тул уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ ч багасах асуудал үүсдэг. Тэгвэл тус салбарт тус салбарт хиймэл оюун ухаанд суурилсан шинэ технологи нэвтрүүлэх нь уул уурхайн бүтээгдэхүүнээ богино хугацаанд дэлхийн зах зээлд гаргах, хөрөнгө оруулалт татах боломжийг олгоно гэж тус салбарын гадны улс орны төлөөллүүд зөвлөж байна.

Монгол улсын хувьд хиймэл оюун ухаанд суурилсан технологийн шийдлийг салбар бүрт нэвтрүүлж үр ашигтай, оновчтой ажиллах жишээ олон байна. Тэгвэл эдийн засгийн голлох салбар болох уул уурхайн салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр уурхайн ордын нөөцийг богино хугацаанд илрүүлэн тооцоолох боломж байгаа юм. Цаашлаад монгол улсад шинээр илэрч байгаа ордын нөөцийг өндөр нарийвчлалтай гаргах нь олон улсын зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүнээ таниулах, хөрөнгө оруулагчдыг татах томоохон боломж  юм.

Уул уурхайн салбарын компаниудын зүгээс хэлэхдээ тухайн ордоосоо шалтгаалаад нөөцийн хэмжээг тодорхойлохдоо хамгийн багадаа гэхэд л 1 сар цаашлаад 2-3 жил хүртэлх хугацааг зарцуулдаг гэсэн юм. Тэгвэл хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамжийг ашигласнаар 20-30 минутыг зарцуулан өндөр нарийвчлалтайгаар нөөцийг тодорхойлох боломжтой. Тиймээс уул уурхайн салбарын дижитал шилжилт нь ордыг илрүүлэхээс эхлээд олборлолтын бүхий л үйл явцыг хялбаршуулж, цаг хугацааг хэмнэх тул зайлшгүй тус салбарт хэрэгжүүлэх ёстой ажил гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байсан юм. 

Хиймэл оюун ухаанд суурилсан технологийн шийдлийг нэвтрүүлэхэд эхний хөрөнгө оруулалтын зардал өндөр байхаар байгаа. Гэсэн хэдий ч уул уурхайн компаниуд нь хөрөнгө оруулалтын зардлаа 4-10 жилийн хугацаанд эргэн нөхөх боломжтой гэсэн судалгаа гарчээ. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамжийг түрээслэх, ашиглах боломжтой байдаг нь хамгийн том давуу талыг бий болгодог талаар тус салбарын  мэргэжилтнүүд хэлж байсан юм.