Иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулахад чөлөө олгох зэргээр албан байгууллагууд уян хатан ажиллах хэрэгтэйг зөвлөжээ

Эрт илрүүлэг, үзлэг оношилгоо улсын хэмжээнд зохион байгуулагдаж эхлээд 2 дахь жилдээ явж байна. Энэ хугацаанд нийт 1.3 сая хүн тус үзлэг оношилгоонд хамрагдаад байгаа нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна. Эрт илрүүлэг, үзлэг оношилгоогоор хортой болон хоргүй хавдрын 8000 гаруй тохиолдол илрээд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Иргэн Г нь эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдсанаар  бөөрний хорт хавдартайгаа мэдсэн байна. Хэрэв эрт үед нь илрүүлж чадаагүй бол хорт хавдар нь тархаж, бөөрийг нь бүтнээр нь авах эрсдэлтэй байжээ.

Эрт, илрүүлэг, үзлэг оношилгоонд 18–30 насныхны хамрагдалт бага байна. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуу үеийнхэн  хамрагдалт бага байгаа нь эрүүл мэндийн даатгалын дутуу төлөлттэй холбоотой байна. Мөн албан байгууллагаас нь тухайн ажилтныг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулахад чөлөө олгох зэргээр уян хатан ажиллах хэрэгтэй байгаа юм. Түүнчлэн тус үзлэг оношилгоонд хамрагдах хугацааны хувьд хагас өдөр байх бөгөөд E-Mongolia системээс хариугаа авах боломжтой юм байна.

Эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдахдаа иргэд харьяаллын бус эмнэлэгт үзүүлж болох юм а. Тухайлбал, СБД-ийн 1, 2-р хорооны өрхийн эмнэлэгт нийт 9000 гаруй хүн тус үзлэг, шинжилгээнд хамрагджээ. Шинжилгээнд хамрагдсан эдгээр иргэдээс 35-45 насны 10 гаруй хүнд элэг болон ходоодны хорт хавдар илэрсэн байна.

Өвчнөө хүндрүүлэхгүйгээр эрт үед нь илрүүлэх хэрэгтэйг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө. Түүнчлэн Монголчуудын дунд хоол боловсруулах тогтолцоо, дотоод шүүрэл, бодисын солилцоо болон зүрх судас, амьсгалын замын өвчнөөр өвчлөх нь их байна. Мөн 0-17 насны хүүхдүүдийн  дунд шүд цоорох өвчин зонхилон тохиолдож байна.