Парламентын танхимын 67 гишүүн эсрэг байр суурь илэрхийлсэн бол 383 гишүүн  дээрх насны иргэдэд тамхи худалдах, худалдан авахыг хориглох нь зүйтэй гэж үзсэн байна
Өнгөрсөн Мягмар гарагт Их Британийн Парламентын танхим 2009 оны 1-р сарын 1-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд тамхи худалдахыг хориглох тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж санал хураалт явуулжээ. Парламентын танхимын 67 гишүүн эсрэг байр суурь илэрхийлсэн бол 383 гишүүн  дээрх насны иргэдэд тамхи худалдах, худалдан авахыг хориглох нь зүйтэй гэж үзсэн байна.

Их Британийн Парламентын танхимын гишүүд тамхи татах нь нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд үзүүлэх сөрөг нөлөө, тамхины өртөг, тамхины донтолт нь сонгох эрх чөлөөнд саад болж байгаа эсэх зэрэг асуудлаар хэлэлцсэн байна. Хэдийгээр Их Британийн Парламентын танхимын гишүүдийн дийлэнх олонх эхний санал хураалтад дэмжлэг үзүүлсэн боловч дахин хэд хэдэн удаа санал хураалт явуулсны эцэст Лордын танхим уг хуулийн төслийг батлах ёстой  юм.

Тэгвэл Их Британийн Ерөнхий Сайд Риши Сунакийн санаачилж, өргөн барьсан энэхүү хуулийн төслийг энэ оны хоёрдугаар хагаст батлах төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдэгдэж байна. Уг  хуулийн төсөл нь үндэстний хэмжээнд хэрэгжих анхны хууль болох юм байна. Залуу үеийнхнийг тамхи татахыг шууд хориглохгүй, шийтгэл оногдуулахгүй. Харин залуучуудад тамхины хор хөнөөлийг сурталчлан таниулж, дараагаар нь хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хууль тогтоогчид мэдэгджээ.

Их Британийн Ерөнхий Сайд Риши Сунак шинэчлэлийг хүчтэй дэмжигч боловч консерватив үзэл баримтлалтай гишүүддээ чөлөөт санал өгөхийг санал болгосноор 67 гишүүн эсрэг санал өгсөн байна. Уг хуулийн төслийг эсэргүүцэгчдийн дунд их британийн Ерөнхий Сайд асан Лиз Трасс багтсан бөгөөд тэрээр энэхүү өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа гэдгээ ил тод илэрхийлсэн байна. Тэрээр "Бид насанд хүрэгчдийг өөрсдөөс нь хамгаалах гэж оролдож байгаа нь өрөөсгөл, алдаа дутагдалтай” хэмээн мэдэгджээ. 

2022 онд Шинэ Зеландын Засгийн газар үүнтэй ижил төстэй хууль тогтоомжийг баталж, энэ оны 7-р сараас хүчин төгөлдөр мөрдүүлэх ёстой байсан ч өнгөрсөн 11-р сард тус улсын Үндэсний намын шинэ Засгийн газар дээрх хууль тогтоомжийг хүчингүй болгосон байна.