Энэ долоо хоногт АНУ-ын Конгрессын танхимын төлөөлөгчид мухардалд ороод байсан Украинд тусламж үзүүлэх тухай хуулийн төсөлд санал хураалт явуулахаар болжээ
Энэ долоо хоногт АНУ-ын Конгрессын танхимын төлөөлөгчид мухардалд ороод байсан Украинд тусламж үзүүлэх тухай хуулийн төсөлд санал хураалт явуулахаар болжээ. АНУ-ын Бүгд Найрамдах намын хууль тогтоогчид буулт хийж, Жо Байдены санаачилсан хуулийн төсөлд дэмжлэг үзүүлэх төлөвтэй байгааг шинжээчид хэлж байна.

Мягмар гарагт АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон энэ долоо хоногт Украин, Израилд тусламж үзүүлэх тухай хуулийн төслүүдэд, тус тусад нь санал хураалт явуулахаар болсныг мэдэгдлээ.

Конгрессын танхимд хяналтаа тогтоосон Бүгд Найрамдахчууд Жо Байдены санаачилж, сенатын танхим батлаад байгаа Украинд 60 тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзаж, мухардалд оруулаад байсан юм.

Мягмар гарагт Майк Жонсон төлөөлөгчдийн танхим дахь Бүгд Найрамдах намын гишүүдтэй уулзах үеэрээ Тайваньд санхүүжилт олгох, Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах, Украинд тусламж үзүүлэхийн тулд санхүүжилтийг ОХУ-ын царцаасан гадаад хөрөнгийг бэлэн мөнгө болгох арга зам ашиглах зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон “Дэлхий дахинд Ираны террористууд болон  В.Путин, Ши Жи Шиньпин шиг дарангуйлагчид оршин тогтнож байна. Өдгөө тэд АНУ болон түүний холбоотнууд өөрсдийн ашиг сонирхлынхоо төлөө зогсож чадах эсэхийг харж бас шалгаж байна.” Хэмээн мэдэгдсэн байна.

Үргэлжлүүлэн тэрээр өнгөрсөн 2-р сард сенатын танхимын баталсан АНУ-ын холбоотнуудад тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг дурдаж, "Бид тулгамдсан асуудлыг эцэслэн шийдвэрлэх төлөвлөгөөгөө хэдийн боловсруулчихсан” гэдгээ онцолсон байна.

Жо Байдены Засаг захиргаа Украин руу санхүүгийн болоод зэр зэвсгийн тусламж илгээх хуулийн төслийг 2024 оны эхээр өргөн барьсан ч Бүгд Найрамдахчууд асуудлыг хэлэлцэхээс цааргалсаар байсан юм. Харин Ираны Зэвсэгт хүчин Израилын газар нутагт өргөн хүрээний агаарын довтолгоо явуулсны дараа Майк Жонсон тэргүүтэй Бүгд Найрамдахчууд бодитоор шийдэл гаргаж байгааг шинжээчид шүүмжилж байна. Энэ хугацаанд Украины Зэвсэгт хүчний сум, зэр зэвсгийн нөөц шавхагдаж, хориглолтын байрлалд шилжсэн бол ОХУ-ын арми хүчирхэгжиж, агаарын довтолгоо тасралтгүй өгч,  хуурай замын анги нэгтгэл нь хүртэл дайны фронтод урагш шахсаар байна.