Зээлдэгчийн муу түүхийг хэвийн ангилалд шилжүүлэх нь иргэдийн зээл төлөх хандлагад сөргөөр нөлөөлөх магадлалтай

Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй бүх зээлдэгчийн ангиллыг хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг Монголбанкнаас гаргалаа. Ингэснээр зээлээ төлсөн ч хугацаа хэтрүүлсний улмаас анхаарал хандуулах зэрэглэлд, эсвэл хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалд орсон байсан зээлдэгчийг “Хар жагсаалт”-аас хасахаар болж байгаа юм байна.

  • Өнөөдрийн байдлаар арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үүрэн холбооны оператор зэрэг нийт 600 орчим аан, байгууллага Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлж, мэдээлэл хүлээн авах эрхтэй юм байна.
  • Зээл авсан иргэн, АНН нь зээл төлөх хугацаагаа 90 хүртэл хоногоор хэтрүүлсэн бол анхаарал хандуулах буюу хугацаа хэтэрсэн, 91-180 хоног бол хэвийн бус, 181-360 хоног эргэлзээтэй, 361-с дээш хоног  муу зээлдэгчийн ангилалд оруулдаг байна. Тэгэхээр лизинг, гар утасны төлбөрөө цаг тухайд нь төлөлгүй хоцроосон л бол шууд хар жагсаалтад бүртгэгддэг гэсэн үг юм.
  • Нэгэнт хар жагсаалтад орсон бол 6 жилийн дараагаас зээлийн түүхийг эргэн хэвийн горимд шилжүүлдэг журамтай ажээ. Харин энэ 6 жилийн хугацаанд өөр банк, санхүүгийн байгууллагууд зээл олгохгүй байх бичигдээгүй хууль банкны салбарт үйлчилдэг байна.
  • Тодорхой шаардлага хангасан зээлдэгчийн муу түүхийг хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг Монголбанк өмнө нь 5 удаа гаргаж байжээ. 2017 онд 25 мянга зээлдэгч, 2018 онд 3 удаагийн шийдвэрээр нийт 81 мянган зээлдэгч, харин 2021 онд нийт 71 мянган зээлдэгчийг хар жагсаалтаас гаргасан байна. Харин энэ удаад зөвхөн зээлээ бүрэн хаасан л бол хар жагсаалтаас гаргах шийдвэрт хүрсэн байна. Хар жагсаалтад орох нь тухайн зээлдэгчийн сахилга баттай шууд холбоотой учир ойр, ойрхон энэ мэт шийдвэр гаргах нь эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж судлаачид үзэж байна.

Манай улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой энэ 6-р сард тохиож байна. Ойг тохиолдуулан иргэдэд санхүүгийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, нөгөөтээгүүр “Ковид-19” цар тахал, зудын гамшиг зэргээс шалтгаалан нийгэм эдийн засагт үүссэн урт хугацааны сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монголбанкнаас зээлийн мэдээллийн сан дахь түүхийг шинэчлэх шийдвэр гаргажээ. Тус шийдвэрээр энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээл нь бүрэн төлөгдөж дууссан ч анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалд орсон зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийх юм байна. Харин эдгээр ангилалд орсон ч зээл, төлбөрийн үлдэгдэлтэй бол 06 дугаар сарын 02-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд мөн “хар жагсаалт”-аас хэвийн горимд шилжих боломжтой юм байна.

Иргэдийн хувьд дийлэнхдээ үүрэн телефоны компаниас үйлчилгээ авсан төлбөр буюу утасны дугаарын төлбөр, бага мөнгөн дүнтэй зээл зэргийг төлөлгүй мартах тохиолдол цөөнгүй байна. Гэвч 1000 эсвэл 100 төгрөгийн төлбөр болоод зээлийн үлдэгдэлтэй байсан ч зээлийн мэдээллийн санд шууд муу зээлдэгчээр бүртгэгдэх нөхцөл үүсдэг юм. Тиймээс Монголбанкны энэхүү шийдвэр нь зөв гэж үзэх иргэд байгаа ч нөгөөтээгүүр хариуцлагын асуудал гэж үзэх нь ч байна.

Тэгвэл бүх зээлдэгчийн муу түүхийг хэвийн горимд шилжүүлэх нь иргэдийн санхүү, зээлийн хариуцлага, хандлагад сөргөөр нөлөөлнө гэж судлаачид үзэж байна. Өөрөөр хэлбэл, анх удаа эсхүл аливаа шалтгаанаар нөхцөл байдал нь бүрдээгүй нь нотолгоотой бол нэг удаа хар жагсаалтаас чөлөөлөх нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм байна. Харин зээлийг санаатайгаар төлөхгүй хойшлуулах, хугацаа хэтэрч төлдөггүй иргэн, аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтаас чөлөөлөх нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх магадлал өндөр байна.

Мөн цаашид олон улсын жишгээр зээлжих зэрэглэлийг дан банк санхүүгийн салбар бус нийгмийн үйлчилгээ, татварын системтэй холбож хариуцлагын тогтолцоог бий болгох шаардлагатайг хэлж байсан юм. Харин иргэн болоод аан өөрийн зээлийн түүхийг хэвийн гэдэгт эргэлзэж байгаа бол харилцагч банк, байгууллагынхаа  төв дээр бичиг баримттайгаа очиж зээлийн мэдээллээ тодруулах боломжтой. Мөн И-Монголиа-аас зээлийн мэдээллээ татан авах боломжтой юм.