Махны үнийн өсөлтийн хурдыг сааруулахад хэрэглэгчдэд хүрэх олон шат дамжлагыг багасгах хэрэгтэй
Жил бүрийн хавар иргэдийн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байдаг. Тухайлбал, нийлүүлэлт багасдагаас үүдэн махны үнэ өсдөг. Харин махны үнээ дагаад бусад бараа, бүтээгдэхүүний үнэ бас нэмэгддэг. Тэгвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа иргэдийн хувьд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь хүндээр тусаж байна.

Иргэдийн өргөн хэрэглэдэг бараа, бүтээгдэхүүний үнэ 7 хоногийн дотор 200-300 төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа 88.000 орчим иргэн байна. Эдгээр иргэд өдрийн 30.000 төгрөгөөр зөвхөн нэг өдрийн хоолны бүтээгдэхүүнээ л худалдан авч байна. Түүнчлэн өргөн хэрэглэж байгаа мах, гурил, өндөг, хүнсний ногооны үнэ өсөж байгаа нь бусад барааны үнийг ч мөн нэмэгдүүлж байгаа юм.

Тэгвэл эдгээр бараа, бүтээгдэхүүний хурдацтай өсөж байгаа үнийг сааруулах арга замуудыг олон жилийн турш ярьж ирсэн. Тухайлбал, мах хэрэглэгчдийн гар дээр хүрэхдээ олон шат дамжлагыг дамждаг. Үүнийг багасгах нь хамгийн чухал, хурдан хугацааны шийдэл гэдэг.

Одоогоор монголчуудын ажил хөдөлмөр эрхэлж авсан цалин, тэтгэвэр нь өрхийн хоолны хэрэгцээг л хангаж байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Тиймээс давхар ажил хөдөлмөр эрхэлж, өрнөөс өрний хооронд амьдарсаар байна.

Мах, гурил нь бусад бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөд голлон нөлөөлж байгаа учир энэ чиглэлийн үйлдвэрийг дэмжиж ажилласнаар инфляцын түвшинд эергээр нөлөөлнө гэдгийг мөн мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.