Цахилгаан мотоциклтойгоор  явган хүний замаар зорчихдоо 10 км/ц-аас илүү хурд хэтрүүлэхийг хориглоно
Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан хүүхэд залуус, унадаг дугуй, скүүтер, мопед, цахилгаан мотоциклтойгоор замын хөдөлгөөнд оролцож байна. Хэдийгээр эдгээр тээврийн хэрэгслүүдээр зорчиход замын түгжрэлд цаг хожих давуу талтай ч эрүүл мэндээрээ хохирох эрсдэл багагүй тулгарч байна. Ялангуяа тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа залуус хурд хэтрүүлэх,  явган зорчигчийг мөргөх, авто машинтай мөргөлдөх зэрэг зөрчил, осол аваар гарах нь нэмэгдэж байгааг  албаныхан хэлж байна

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 25-р зүйлд зааснаар цахилгаан мопед болон скүүтерээр зорчиж байгаа тохиолдолд унадаг дугуйн зам эсвэл явган хүний замаар  бусдад аюул саадгүйгээр зорчино гэж заасан байдаг. Ингэхдээ 10 км цагаас илүү хурд хэтрүүлэхийг хориглодог юм байна. Гэсэн хэдий ч эдгээр тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа иргэд болон арван жилийн хүүхдүүд хурд хэтрүүлэх, бие биедээ үзүүлбэр үзүүлэх, сундлаж явах, хамгаалалтын хэрэгслийг дүрэм журмын дагуу хэрэглэхгүй байх, явган зорчигчдыг мөргөж гэмтээх, авто замд эгнээ байрлалыг буруу  эзэлж явснаар  тээврийн хэрэгсэлд шүргүүлэх, мөргүүлэх зэргээр зөрчил гаргаж байгааг холбогдох албанаас хэлсээр байна. 

Улсын хэмжээнд өнгөрсөн жил цахилгаан скүүтертэй холбоотой 28, цахилгаан мотоциклтой холбоотой 30 гаруй осол бүртгэгдсэн байна. Сүүлийн үед ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд цахилгаан мотоцикл жолоодох нь ихэссэн гэдгийг холбогдох албаныхан .хэлж байгаа юм. Суррон маркийн цахилгаан мотоцинкл нь авто зам болон бартаат замд зориулагдсан гэх төрлүүдтэй бөгөөд энгийн болон спорт төрлөөр хэрэглэгддэг байна. Хэрэв тухайн цахилгаан мотоцинкл нь цахилгаан дугуйны гаргаж байгаатай ижил хүчин чадалтай бол 16-аас дээш насныхан мэргэжлийн үнэмлэх шаардахгүйгээр хэрэглэх боломжтой. Харин бартаат замд зориулагдсан 50 хүртэлх км цагаас илүү хурдалдаг цахилгаан мотоцинклийн эзэмшигчид жолооны курст суусан “А”  ангиллын үнэмлэх шаардах бөгөөд тухайн техникийн хэрэгсэл нь улсын дугаартай байх шаардлагыг тавьдаг байна.

Тэгвэл гэмтэл согог судлалын үндэсний төвд дулааны улирал эхэлснээс хойш буюу ердөө сарын хугацаанд унадаг дугуй, мопед, цахилгаан мотоциклоос шалтгаалсан 55 гэмтэл бүртгэгдсэн байна. Жил ирэх тусам энэ төрлийн осол нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.

Цахилгаан дугуй, цахилгаан мотоциклийн хэрэглээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд ихээхэн дэлгэрч байгаа гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Тэр дундаа 7-12-р ангийн сурагчдын дунд цахилгаан мотоциклийн хэрэглээ их байгаа нь судалгаагаар гарчээ.замын нөхцөл байдал буюу түгжрэлээс шалтгаалан цахилгаан мотоциклийг хэрэглэж байгааг буруутгах аргагүй хэдий ч энэ нь сурагчдын тухайд бие биенээ даган дуурайх, санамсаргүйгээр бие биеэ мөргөж  эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох, цаашлаад хүүхдүүдийн дунд ялгаварлан гадуурхалт явагдах магадлалтайг салбарын  төлөөлөл хэлж байна.

Цахилгаан мотоцикл буюу суррон, мопедыг 18-аас доош насны хүүхэд унаж байх үедээ осол гаргасан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нь хариуцагчаар татагдах журамтай гэдгийг тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.