Украины дайнд амиа алдсан ОХУ-ын цэргийн алба хаагчдын тоо 50 мянга давсан, мөн амь үрэгдэгсдийн бодит тоо үүнээс ч өндөр байх магадлалтайг “ВВС” агентлаг уламжилжээ
Украины дайнд амиа алдсан ОХУ-ын цэргийн алба хаагчдын тоо 50 мянга давсан, мөн амь үрэгдэгсдийн бодит тоо үүнээс ч өндөр байх магадлалтайг “ВВС” агентлаг уламжилжээ. Европ тивийн газар нутагт эхлээд хоёр жилийн хугацаа өнгөрөөд байгаа дайнд өнгөрсөн 2023 онд амиа алдсан ОХУ-ын цэргийн алба хаагчдын тоо 2022 оны тоон үзүүлэлттэй харьцуулахад 25 хувиар өсөн нэмэгдсэн байна.

“BBC” агентлаг болон ОХУ-ын бие даасан хэвлэл мэдээллийн ‘Медиазона’ группийн хамтарсан судлаачдын баг 2022 оны 2-р сараас хойш дайнд амь үрэгдсэн хүмүүсийн статистик тоо баримтыг боловсруулж байгаа юм.  Судлаачид албаны эх сурвалжийн өгсөн тоон мэдээлэл, нээлттэй эх сурвалжийн мэдэгдэл, оршуулгын газрын бүртгэл, дайнд амь эрсэдсэн цэргүүдийн ар гэрийнхний өгсөн мэдээлэлд үндэслэн баталгаажсан датаг бий болгожээ. Дайны хоёр дахь жил буюу өнгөрсөн 2023 онд зөвхөн судлаачдын олж мэдсэнээр ОХУ-ын 27 мянга 300 цэрэг амиа алдсан байна. Энэ нь ОХУ-ын зэвсэгт хүчний эрхшээлдээ оруулсан Украины газар нутгийн сөөм бүр нь асар их хохирол дагуулсныг илтгэж байна. Тэгвэл өнгөрсөн Лхагва гарагт ОХУ-ын эрх баригчид амь үрэгсдийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Хамгийн сүүлд 2022 оны 9-р сард ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас дайнд амь эрсэдсэн цэргийн алба хаагчдын тоо 7000-д хүрснийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэр үеэс хойш энэ талаар огт дурдаагүй. Харин “BBC” агентлагийн баталснаар амиа алдагсдын тоо Кремлийн хүлээн зөвшөөрсөн тооноос бараг 8 дахин их байгаа юм.

Түүнчлэн ОХУ-ын Зэвсэгт хүчний хяналтад байгаа Украины Донецк, Луганск мужуудад оршуулсан цэргийн алба хаагчдын тоог оруулаагүй гэдгээ судлаачид онцолсон байна. Тэгвэл дайны эхэн үед буюу 2022 онд Евгений Пригожины Вагнер группийн хөлсний цэргүүд дайны талбарт тулалдаж байсан учраас ОХУ-ын зэвсэгт хүчин хүн хүчний хохирол бага амссан байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Харин өнгөрсөн жил Евгений Пригожин ОХУ-ын эрх баригчидтай хариуцлага тооцох бослого тэмцэл, өдүүлсэн ч удалгүй онгоцны ослоор нас барсан юм.  Нөгөө талд Украины эрх баригчид мөн амь үрэгдсэн алба хаагчдынхаа тоон мэдээлэлд тайлбар өгөхөөс үргэлж татгалздаг. Гэхдээ өнгөрсөн 2-р сард Украины ерөнхийлөгч Володимир Зеленський нас барагсдын тоо 31 мянгад хүрсэн гэж мэдэгдсэн ч АНУ-ын тагнуулын мэдээллээс үзэхэд илүү их хохирол амссан гэж үзэж байна.