Газын дэлбэрэлтэд өртсөнөөр шатаж, амьдран суух боломжгүй болсон “Эдү Апарт” хотхоны оршин суугчид түрээсийн байраар хоног төөрүүлсээр байгаа, холбогдох байгууллагууд дүгнэлт гаргахгүй удаж байна хэмээн өнгөрөгч 7 хоногт мэдэгдэл хийсэн юм.
Тэгвэл дэлбэрэлтэд өртсөн тус хотхоны 207-р байрны дам нуруунд ан цав үүссэн нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс тав дахин их байна гэсэн мэргэжлийн дүгнэлт гарсан байна. Тус барилгын дам нуруунд ан цав үүссэнээр арматурын хэв гажсан байдалтай байгаа юм байна. Тиймээс газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон тус барилгыг буулгах нь зүйтэй гэж мэргэжлийн байгууллагууд шийджээ. Харин ойр орчмын бусад гурван барилгыг хүчитгэх шаардлагатай байгаа тул засвар хийхээр болсон байна
Тус орон сууцанд амьдарч байсан иргэдийн хохирлыг барагдуулах, шинээр орон сууц барих, осолд өртсөн айлуудын түрээсийн төлбөрийг төлөх, төлбөрийг буруутай этгээдээс нэхэмжлэх зэрэг асуудлыг нийслэлийн удирдлагад шилжүүлжээ. Засгийн газраас нийт таван тэрбум төгрөгийг уг асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах бөгөөд одоогийн байдлаар 2.1 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа юм байна.