Баялгийн нэгдмэл сангийн төсвийг иргэдийн боловсрол, эрүүл мэнд, орон сууц худалдан авах зэрэгт зарцуулна

Өнөөдөр УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцжээ.  Уг  хуулийн төсөл батлагдсанаар үндэсний баялгийн нэгдмэл сан бүрдэж, монгол улсын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй, хүний хөгжлийн төвшинд эерэг үр нөлөө гарна гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм. Хуулийн төслийг хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй 38 саналын томьёоллоор саналт хураалт явуулсан байна. Ийнхүү тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүлжээ.

Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн гурван төрөлжсөн сангаас бүрдэх юм. Мөн “Эрдэнэс Монгол”-ын харьяа стратегийн ордууд болох эрдэнэт үйлдвэр, эрдэнэс оюу толгойн ордуудын 34 хувийн ашиг хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахаар хуулийн төсөлд тусгагджээ. Мөн хууль батлагдвал иргэн бүр хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрх зүйн орчин бүрдэх юм байна.хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан юм.

Уг хуулийн төслийг УИХ-ын дийлэнх гишүүд дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.