Иргэн газраа чөлөөлсний дараа хотын дарга солигдож тухайн орон сууцжуулах төсөл нь зогсдог дүр зураг үргэлжилдэг байсан. Энэ байдлаар иргэд 10 гаруй жилийн турш өөрсдийн газаргүй, орон сууцгүй үлдэж хохирсон байна. Зөвхөн Баянзүрх дүүргийн хуучнаар 4-р хороонд л гэхэд 85 өрх газраа өгч хохирчээ.
Тэгвэл Баянзүрх дүүрэгт газраа чөлөөлөөд хохирсон эдгээр 85 өрхийн хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа гэж албаныхан мэдээллээ. Тус хэсэгт баригдаж байгаа орон сууцын барилгын ажлыг эрчимжүүлж, ирэх оноос ашиглалтад оруулна гэсэн юм.
Түүнчлэн газраа чөлөөлөөд хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах ажил үе шаттайгаар хийгдэж байна. Хамгийн сүүлд гэхэд л газраа чөлөөлөөд хохирсон 24 өрхөд шинэ орон сууц өгчээ.
Мөн одоогоор Сэлбэ, Баянхошуу дэд төв байгуулахаар иргэдтэй зөвшилцөн газрыг дахин төлөвлөлтөд оруулахаар хөрөнгийн үнэлгээг хийж байгаа. Энэ ажилтай холбоотойгоор иргэдийг хохироодог өмнөх алдааг давтахгүйн тулд анхаарч ажиллаж байгаа талаар нийслэлийн удирдлагууд мэдээлж байсан юм. Мөн иргэд газраа чөлөөлөхдөө хууль эрх зүйн хамгаалал, гэрээ зэргээ сайтар судлах хэрэгтэй юм.