Венецийн дүрслэх урлагийн олон улсын 60 дахь удаагийн Биеннальд Монгол улсын павильон албар ёсоор нээлтээ хийжээ

Венецийн 60 дахь удаагийн ОУ-ын Биеннальд Монгол улсын павильон албар ёсоор нээлтээ хийжээ. Бүгд Найрамдах Итали улсад зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэн нь дүрслэх урлагийн салбарын нэр хүндийн ноён оргил гэж дэлхийд үнэлэгддэг тул жил бүр шилдэг уран бүтээлчид оролцож, өөрийн болоод улсынхаа нэр хүндийг олон улсад сурталчилдаг юм. Энэ удаагийн Биеннальд сонгогдсон МУУГЗ, уран барималч А.Очирболд Монгол улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцож, өөрийн бүтээлээ толилуулж байна.

2023 оноос эхлэн дэлхийн хамгийн чансаатайд тооцогдох Венецийн дүрслэх урлагийн олон улсын Биеннальд манай улсын уран бүтээлчид Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр тогтмол оролцох боломж бүрдсэн. Улмаар өнгөрсөн онд зураач Мөнхцэцэгийн бүтээл Венецийн Биенналийн онцлох 10 бүтээлийн нэгээр шалгарч байсан. Харин энэ жил 60 дахь удаагийн Биеннальд Монголын павильоны уран бүтээлчээр УГЗ Аюурзаны Очирболд оролцож байна.

Биеннальд дэлгэж буй Монголын павильон “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй бөгөөд буддын шашны догшин сахиус Ситипати буюу Дүртэддагва шүтээний дүрслэлээс санаа авчээ. Уран бүтээлч нийгмийн болон хүмүүний хөгжил, харилцааны өөрчлөлт, хүн төрөлхтний ухамсрын даяарчлалын бодит дүр төрхийг ажиглаж, судалгаан дээр тулгуурлан бүтээлийн санаагаа боловсруулжээ. Харин Куратороор ХБНГУ дахь Монгол улсын соёлын элч, СТА О.Оюунтуяа томилогдон, Ко-Куратороор ХБНГУ-ын музейн захирал Др.Грегор Янзэн нар хамтран ажиллаж байна.

Манай улсын павильоны албан ёсны нээлтийг Монгол улсыг нэгдсэн өнгө төрхтэйгөөр олон улсад сурталчлах “Go mongolia” брендийн хүрээнд зохион байгуулж, энэ үеэр уригдсан улс төр, соёл урлаг, бизнесийн салбарын нөлөө бүхий олон улсын 200 орчим зочин, төлөөлөгчдөд Монгол урлаг, соёлын өвийг сонирхуулан сурталчилжээ.

1895 оноос хойш зохион байгуулагдаж байгаа “Дэлхийн урлагийн олимп” гэгддэг Венецийн дүрслэх урлагийн олон улсын Биеннальд улс, орны нөлөө бүхий уран бүтээлчид үзэсгэлэнгээ гаргадаг. Манай улсын хувьд Венецийн олон улсын Биеннальд 2015, 2017, 2019 онд оролцож байсан бөгөөд тухай бүртээ уран бүтээлчид хувийн хэвшлийн хандиваар оролцож ирсэн юм. Харин өнгөрсөн жилээс эхлэн Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцож албан ёсоор өөрсдийн павильоноо нээж байгаа юм. Цаашид жил бүр тогтмол оролцох бөгөөд ингэснээр дүрслэх урлагийн уран бүтээлчид болоод эх орноо олон улсад таниулах боломж бүрдэхийн зэрэгцээ соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруултад томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм.