Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа шинээр нээгдэхэд бэлэн болжээ

Манай улсын хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа шинээр нээгдэхэд бэлэн болжээ.  850 гаруй хүний суудалтай, орчин үеийн техник технологи бүхий тус театрын шинэ барилга СХД-т баригдаж дууссан бөгөөд энэ сарын 25-ны өдөр нээлтээ хийх юм. Уг театрт жүжиг, уран бүтээл тоглогдоод зогсохгүй мөн хүүхэд залуусын хөгжил, боловсролд чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байхаар төлөвлөжээ.

1951 онд байгуулагдаж байсан Хүүхдийн төв театрыг 1967 онд Хүүхэд залуучуудын театр болгон үйл ажиллагааг нь өргөжүүлсэн түүхтэй. Гэвч 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хувьчилсан байдаг. Улмаар театр үйл ажиллагаагаа зогсоосноор улсын хэмжээнд зөвхөн хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих театргүй болсон юм.

эгвэл 2021 оны 06 дугаар сарын 01-нд Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд хүүхэд, залуучуудын театр байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ онд театрын барилгын ажил бүрэн дуусаж, 4-р сарын 25-нд соёл урлаг, уран бүтээл туурвих олон улсын стандандартад нийцсэн мэргэжлийн театр нээгдэхэд бэлэн болжээ. Бэлтгэл ажилтай холбогдуулан Соёлын сайд театрын удирдлага болон гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзаж хүүхэд залуус ая тухтай үйлчлүүлэх, уран бүтээлчдийн ХАБ-ыг хангах чиглэлд анхаарч ажиллахыг сануулсан байна.

Хүүхэд залуучуудын театр үүд хаалгаа нээснээр нийслэлийн хамгийн их хүн ам төвлөрсөн буюу Сонгинохайрхан дүүргийн 330 мянган иргэн төдийгүй нийт Монгол улсын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдэж байна. Мөн хүүхэд, залуучууд уран сайхны бусад урсгал чиглэлийг танин мэдэх боломжтой болж байна. Мөн номын сан, кафе, дугуйлан болон бусад сургалтын цогц үйлчилгээг үзүүлэхээр бэлтгэжээ. Ийнхүү соёлын салбар дахь дахин нэг бүтээн байгуулалт болох театрын нээлт 4-р сарын 25-ны өдөр 14:00 цагт хүүхэд залууст зориулсан “Хайрыг хайрла” жүжгээр эхлэх юм байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд Соёлын яам улсын хэмжээнд нийт 80 гаруй соёлын бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулжээ.