Дэвид Кэмерон 50 гаруй сая ам.долларын өртөг бүхий тансаг зэрэглэлийн онгоц хөлсөж, Төв Азийн улс орнуудаар айлчлал хийж байгааг татвар төлөгчид хурцаар шүүмжилжээ
Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон 50 гаруй сая ам.долларын өртөг бүхий тансаг зэрэглэлийн онгоц хөлсөж, Төв Азийн улс орнуудаар айлчлал хийж байгааг татвар төлөгчид хурцаар шүүмжилжээ. Өнгөрсөн долоо хоногт Дэвид Кэмерон "Embraer Lineage 1000" хөлөг онгоцыг 7 хоногийн хугацаатайгаар хөлсөлж, тажикистан, Киргизстан, Узбекистан, Туркменстан, Казахстан, Монгол зэрэг улсад төрийн айлчлал хийсэн байна.

Онгоц түрээсийн авиа компаниудын мэдээлснээр Дэвид Кэмероны хөлсөлсөн онгоц нь тансаг зэрэглэлийнх бөгөөд хамгийн эрэлт хэрэгцээтэй, зорчигчдодоо тохирсон сайн чанарын хоолны цэсээр үйлчилдэг байна. Мөн дотоод засал нь хэрэглэгчдийн хүсэл сонирхолд үргэлж нийцдэг өндөр үнэлгээтэй тул түрээсийн өртөг өндөр байдаг гэдгийг онцолжээ.

Харин Их Британийн иргэд Гадаад хэргийн сайдын айлчлал бол эх орноо төлөөлөх чухал үйл хэрэг гэдэгт санал нэгдэж байгаа боловч энэ нь татвар төлөгчдийн мөнгийг хэдэн зуун мянгаар нь зарцуулах, эзэмших үндэслэл болохгүй гэдгийг хэлж бас шүүмжилж байна.

Өнгөрсөн жил Их Британийн Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан Жеймс Клеверли Карибын Тэнгис болон Латин Америкийн орнуудаар найман өдрийн айлчлал хийхдээ дээр дурдсантай ижил төрлийн онгоц түрээсэлсэн бөгөөд 400 мянган фунт стейрлинг зарцуулсан гэж буруутгагдаж байсан юм.

Түүнчлэн саяхан Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак дотоодын нислэгтээ тансаг зэрэглэлийн онгоц хөлсөлсөн нь шүүмжлэлд өртөж байсан. Тэрээр зохисгүй үйлдэлдээ уучлалт гуйж, дараагийн айлчлалдаа хямд өртөгтэй 14 хүний суудалтай жижиг онгоц ашигласан талаарх зургаа цахим хуудастаа нийтэлж байсан юм.